Цахим мэдээ
Яаж

Бурхан багшийн их дүйчэн өдрөөр "Хоёр их шавийн ринсэлийг" Монголд зална

Бурхан багшийн хоёр их шавийн ринсэлийг Монголд зална

  Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 31-нд тохионо.

Эл өдрийг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Энэтхэгийн Соёлын яамны харьяа Үндэсний музей, Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Засгийн газар болон  Шри Ланкийн Махабодхи нийгэмлэгтэй хамтран Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра, Архант Маудгальяна нарын ариун ринсэлүүдийг энэ сарын 31-нээс 10 хоногийн турш Гандантэгчэнлин хийдэд зална. Энэ тухай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве мэдээлэв.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д 2025 оны 10-р сард хийсэн төрийн айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ талаар зарласан. Монгол, Энэтхэг хоёр улс буддын шашнаар холбогдсон соёл иргэншлийн өнө эртний хэлхээ холбоотой Стратегийн түншүүд бөгөөд оюун санааны ахан дүүс юм. Дээрх өдрүүдэд Монголын Бурхны шашинтнууд, сүсэгтэн олон Бурхан багшийн хоёр их шавийн ринсэлд хүндэтгэл илэрхийлэх  боломж тохионо. Эдгээр ариун ринсрэлүүдийг Тайландад 2024 онд залж байсан бол одоо Монголд авчирч залах гэж байгаа нь онцгой ач холбогдолтой гэдгийг тэрбээр мэдээлэлдээ дурдав.

 Монгол Улсад Бурхан Буддагийн ариун ринсрэлийг 2022 оны зургаадугаар сард залсан нь мартагдашгүй үйл явдал болсон. Ариун ринсэлүүд нь ёслол болон хамгаалалтын хувьд Төрийн тэргүүний статустай байдаг. Ариун ринсэлүүдийг энэ сарын 30-нд Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэгээр авчрах бөгөөд Энэтхэгийн Ассам мужийн захирагч Лакшман Прасад Ачарья тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид дагалдан ирэх аж. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг болон Шри Ланкийн удирдах албан тушаалтнууд, нэр хүндтэй лам нар багтаж байгаа юм. Олон улсын Буддын шашны холбоо энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад оролцож байна.

 Энэ үеэр Энэтхэгийн Үндэсний музей болон Олон улсын Буддын шашны холбоо хамтран Буддын шашны тухай тусгай үзэсгэлэн зохион байгуулах юм.

 Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.

СЭТГЭГДЭЛ Үлдээх