Ижил орчинд, хүүхэд бүрийг хүртээмжтэй хэрэглэгдэхүүнтэй, интернэттэй, компьютертой болгохоор зорьж байна
“Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Тус тогтоолыг энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм. Боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контент, сургалтын сан, платформыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг компьютер, анги, танхим бүрийг ухаалаг самбартай болгох зорилготой аж.
Арга хэмжээг 2026-2028 онд үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгаа, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлж, төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр зээл болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.
"Чөлөөлье" санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" арга хэмжээг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хот, хөдөөгийн болон улсын, хувийн сургуулийн чанарыг ялгааг арилгах чиглэлээр нэг ижил орчинд, хүүхэд бүрийг хүртээмжтэй хэрэглэгдэхүүнтэй, интернэттэй, компьютертой болгохоор зорьж байна. Ингэснээр алсалсан сум, суурин газрын хүүхдүүд мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөгдөнө гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нэг цахим төхөөрөмжид ногдох хүүхдийн тоо 11 /1:11/ байна. 18.838 анги танхимын 3.362 нь ухаалаг самбартай байна.
Боловсролын яамны MEDLE контентын санд 11.265 хичээл, 147 сурах бичиг, 4.024 теле хичээл, 230 интерактив контент, 3.500 интерактив дасгал ажлын хуудас, 805 виртуал лаборатори, 413 цахим ур чадвар олгох хичээл нийт 20.000 гаруй контент нээлттэй байршсан. Мөн Pearson, Eduten, Mozaik зэрэг цахим платформуудыг сургалт, үйл ажиллагаанд нэвтрүүлээд байгаа юм.
Гэсэн ч цахим сургалтын дэд бүтэц, тоног төхөөрөмж бүхий сургалтын орчин харилцан адилгүй байгаа нь суралцагчдын ялгаатай байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх магадлалтай гэж үзэж буй.
СЭТГЭГДЭЛ Үлдээх