Цахим мэдээ
Мэдээ

Сириэс өмнө мэдэгдээгүй олон арван химийн зэвсэг илрүүлжээ

Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPCW) Сирид сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд өмнө нь мэдэгдээгүй байсан химийн зэвсгийн олон арван бөмбөг, пуужин илрүүлсэн тухайгаа лхагва гарагт нийтэлсэн тайландаа мэдэгдлээ.

Нидерландын Гааг хотод төвтэй тус байгууллага тавдугаар сарын тайландаа байцаагчид нь “өндөр ач холбогдолтой, мэдэгдээгүй байршлууд”-д шалгалт хийсэн талаараа дурджээ.

Тайланд “Өмнө нь мэдэгдээгүй хэд хэдэн байршлаас агаарын бөмбөг, пуужин зэрэг олон арван химийн зэвсгийн хэрэгсэл илэрсэн” гэжээ.

Сири улс 2013 онд Химийн зэвсгийг хориглох байгууллагад элсэх үедээ химийн зэвсэгтэй холбоотой 26 байршилтай гэж мэдүүлж байсан боловч тус байгууллага Сирид үүнээс гадна ойролцоогоор 100 нэмэлт байгууламж байж болзошгүй гэж үздэг байна.

2024 оны арванхоёрдугаар сард Башар Ассадыг түлхэн унагасны дараа түр ерөнхийлөгч Ахмад ал-Шараагийн удирдсан шинэ засгийн газар Ассадын үеийн үлдсэн бүх химийн зэвсгийг устгана гэж амласан юм.

Өнгөрсөн жил Химийн зэвсгийг хориглох байгууллагын уулзалтын үеэр Сирийн Гадаад хэргийн сайд Асаад Хассан ал-Шибани олон улсын хамтын нийгэмлэгээс тус улсын хууль бус зэвсгийг устгахад дэмжлэг хүсч байжээ.

Тэрээр “Ассадын дэглэмийн үед боловсруулсан химийн зэвсгийн хөтөлбөрийн үлдэгдлийг бүрэн устгаж, энэхүү эмгэнэлт өвийг төгсгөж, хохирогчдод шударга ёс тогтоон, олон улсын хуулийг чанд мөрдүүлэхийн төлөө ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Сири 2013 онд Химийн зэвсгийг хориглох байгууллагад элссэн нь Дамаск хотын захад болсон химийн халдлагын дараа агаарын цохилтын аюулаас зайлсхийх зорилготой байсан гэж үздэг.

Ассадын засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдэгдлийг няцааж ирсэн ч Химийн зэвсгийг хориглох байгууллага өмнө нь Сирийн иргэний дайны үеэр химийн зэвсгийг удаа дараа ашигласан нотолгоо олсон гэж мэдэгдэж байсан юм.

Мөн тус байгууллага иргэний дайны үеэр Исламын улс бүлэглэл ч химийн зэвсэг ашиглаж байсан гэж дүгнэж байжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх