Цахим мэдээ
Мэдээ

Зүрх судасны тусламж үйлчилгээ, телемедициний хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ролонд Рейландыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Люксембургийн Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 25 жилийн турш тогтвортой, тууштай дэмжлэг үзүүлж, алсын зайн анагаах ухаан, зүрх судасны тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд бодит хувь нэмэр оруулж ирсэн үнэт түнш юм гэдгийг онцлон талархал илэрхийлээ.

2022 оноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын Зүрх судлал, Зүрхний мэс засал ба Телемедицин” төслийн хүрээнд өмнө нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай байсан зарим өвчнийг эх орондоо эмчлэх боломж бүрдсэн нь хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна.

Мөн цаашид зүрх судасны тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, Зүрх, судасны үндэсний төв байгуулах ажлыг эрчимжүүлэх, телемедицинийг хөгжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэх замаар хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чиглэлээр санал солилцсон талаар ЭМЯ-наас мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх