Монгол Улсад Азийн 27 орны шатарчид цуглараад байна. Өнөөдөр шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Баянгол” зочид буудалд нээлтээ хийнэ. 10 өдрийн турш явагдах тэмцээнд 27 орны 240 гаруй шилдэг шатарчид классик цагийн хяналттай стандарт төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулна.
Азийн шатрын холбоо болон Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж буй тэмцээний бэлтгэл ажил хангагджээ. Энэ удаагийн тэмцээнээс FIDE World Cup буюу “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх олгоно. Мөн энэ удаагийн тэмцээний шагналын сан 100 мянган ам.долларт хүрчээ. Нээлттэй ангилалд эхний 15-р байр, эмэгтэй ангилалд эхний 12-р байрт мөнгөн шагнал дагалдана. Азийн аварга шатарчид 12-15 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэхээс гадна 2027 оны "Дэлхийн цом"-д өрсөлдөх эрхтэй болно. Мөн нээлттэй ангилалд эхний тавдугаар байрт орсон шатарчид "Дэлхийн цом"-ын өрсөлдөх эрхийн болзолтой аж.
Монгол Улсад хүрэлцэн ирсэн шатарчдын дунд 34 их мастер, 12 эмэгтэй их мастер, 51 олон улсын мастер, 20 эмэгтэй Олон улсын мастер багтаж байна.
Нээлттэй ангилалд нийт 147 шатарчин тоглох бол эмэгтэй ангилалд 101 шатарчин оролцохоор бүртгүүлсэн байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах давуу эрхийн дагуу манай улсаас 89 шатарчин өрсөлдөхөөр болжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх