ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Гол мод хэмээх дурсгалт газарт Монголын эзэнт гүрний үеийн долоон булш оршуулгын дурсгалыг малтан хосгүй үнэт олдворууд олсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ.

Малтан судалсан долоон дурсгалын зургаа нь эрт үед тоногдож сүйтгэгдсэн бөгөөд зөвхөн нэг дурсгал анхны байдлаар хөндөгдөөгүй хадгалагдан үлдсэн байжээ. Энэхүү хөндөгдөөгүй дурсгал нь өндөр настай эмэгтэй хүний оршуулга байсан бөгөөд төмөр тоноглолтой эмээл, дөрөө, хазаар болон бусад адууны тоног хэрэгсэл,сумч хутга, цагариг ээмэг, хонины шагайт чөмөг зэргийг дагалдуулан тавьсан байв.

Харин дөрөвдүгээр дурсгалаас цэвдэгтэй хөрсөнд 700 гаруй жил хадгалагдсан шаазан ваартай өрөм, хоёрдугаар дурсгалаас өвөрмөц чих бариултай бүтэн шавар ваар, өрөөсөн төмөр дөрөө, тавдугаар дурсгалаас хос төмөр дөрөө, сумын зэвүүд, оломны арал, саадгийн дэгээ зэрэг гарсан нь Монголын эзэнт гүрний түүх, нийгэм, соёлыг тодруулан судлахад чухал ач холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн юм.

Ялангуяа шаазан ваартай өрөм нь 700 орчим жил цэвдэгт хадгалагдаж үлдсэн онцгой чухал олдворт тооцогдоно. Уг олдвор нь монгол орноос олдож буй хоёр дахь удаагийн тохиолдол юм. Өмнө нь 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшнаас 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдож байсан юм. Эзэнт гүрний үед хамаарах уг олдворууд нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй аж.