АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан “UFC Freedom 250” нэртэй түүхэн холимог тулааны шоуны бэлтгэл ажил албан ёсоор эхэлжээ. Энэ хүрээнд Цагаан ордоны өмнөд талбайд түр дэвжээ байгуулах ажил өрнөж байна. Энэхүү арга хэмжээ нь ирэх зургаадугаар сарын 14-нд болох бөгөөд "UFC"-ийн түүхэн дэх хамгийн онцгой шоу хэмээн тодорхойлогдоод байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэхдээ “Цагаан ордны яг үүдэнд болох ‘UFC’-ийн тулаанууд нь байгууллагын түүхэн дэх хамгийн том үйл явдал болно” хэмээн онцолж байв. Тэрбээр энэхүү шоуг АНУ-ын 250 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулах санаачилгыг дэмжиж байгаа аж.
Арга хэмжээний хүрээнд 4,300 орчим үзэгч өмнөд талбайд байрлах тусгай хэсэгт тулааныг шууд үзэх юм.
Тэдний дийлэнх нь АНУ-ын цэргийн алба хаагчид байх талаар "UFC"-ийн ерөнхийлөгч Дана Уайт мэдээлжээ. Мөн Цагаан ордны ойролцоох Эллипс цэцэрлэгт хүрээлэнд том дэлгэцүүд байршуулж, олон нийтэд зориулсан 85 мянга гаруй үнэгүй тасалбар тараахаар төлөвлөсөн байна. Тус шоуг зохион байгуулахад "UFC"-ийн толгой компани болох "TKO Group Holdings" ойролцоогоор 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон бөгөөд компанийн ерөнхийлөгчМарк Шапиро үүнийг “урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалт” гэж тодорхойлжээ. Тэрбээр “энэ удаагийн арга хэмжээнээс шууд ашиг олохгүй” гэдгийг мөн онцолсон байна.
Одоогоор зарлагдсан тулаануудын гол хэсэгт хөнгөн жингийн аварга Илья Топуриа болон түр аварга Жастин Гэтжи нарын тулаан багтаж байна.
Хамтарсан гол тулаанд Алекс Перейра, Сирил Гэйн нар хүч үзэхээр төлөвлөгджээ. Мөн энэхүү шоу нь зөвхөн спортын арга хэмжээ бус, АНУ-ын 250 жилийн ойг сурталчлах “үндэсний хэмжээний шоу” хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд шууд дамжуулах техник, аварга гэрэлтүүлэг, түр байгууламжуудыг аль хэдийн суурилуулж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
СЭТГЭГДЭЛ Үлдээх