Цахим мэдээ
5W1H

ШИ ЖИНЬПИН САНАЭ ТАКАИЧИГ ШҮҮМЖЛЭВ

    БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин энэ сарын эхээр Бээжин хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Японы Ерөнхий сайд Санаэ Такаичиг эрс шүүмжилж, батлан хамгаалах чадавхаа өргөжүүлэх замаар “нео-милитарист” бодлого хэрэгжүүлж байна хэмээн буруутгасан тухай дипломат эх сурвалжууд мэдээлэв.

Ийнхүү шүүмжилсэн нь С.Такаичигийн өнгөрсөн оны 11 дүгээр сард хэлсэн үгтэй холбоотой аж. Тэрбээр Тайванийн асуудлаас үүдэлтэй мөргөлдөөн гарсан тохиолдолд Япон улс өөрийгөө хамгаалах хүчнийг байршуулах боломжтой гэжээ. 

БНХАУ Тайвань арлыг өөрийн газар нутаг гэж үздэг бөгөөд гадаадын цэргийн хүчний оролцоог эрс эсэргүүцдэг юм.

    Эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтын үеэр Д.Трамп С.Такаичиг өмгөөлсөн бөгөөд улмаар тавдугаар сарын 15-ны өдөр Ерөнхийлөгчийн "Air Force One" тусгай хөлгөөс Японы Ерөнхий сайд руу утсаар ярьж, АНУ-Японы холбоотон орнуудын харилцаа бат бөх хэвээр байгааг дахин нотолсон байна.

Д.Трамп, Ши Жиньпин нарын хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авснаа С.Такаичи баталсан ч тодорхой зүйлийг дэлгэхээс татгалзжээ. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын цэргийн идэвхжил нэмэгдэж буй энэ үед Япон улс АНУ-тай батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь Зүүн Азийн бүс нутагт хурцадмал байдал даамжирч байгааг харуулж байна.

С.Такаичи АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтаас өмнө буюу гуравдугаар сард Вашингтонд айлчилж, АНУ-Японы аюулгүй байдлын салбар дахь хэлхээ холбоо бат бөх байдлыг дахин нотолж байсан юм. Д.Трамп, Ши Жиньпин нар энэ онд дахин хэд хэдэн удаа уулзах төлөвтэй байгаа бөгөөд үүнд БНХАУ-ын даргын есдүгээр сард Вашингтонд хийхээр төлөвлөж буй айлчлал, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АНДЭЗХАБ)-ын дээд хэмжээний уулзалтыг дурдаж болно.

СЭТГЭГДЭЛ Үлдээх