УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр уулзаж, зээлийн хүүг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийн талаар санал солилцлоо.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд УИХ-ын даргатай уулзахдаа, хууль, эрх зүйн бодлогын зарим асуудлуудыг шийдсэнээр зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ. Монголын банк бус санхүүгийн салбар нь санхүүгийн зах зээлд бичил, жижиг бизнес эрхлэгчид, тэр дундаа банкны шалгуурыг төдийлөн хангадаггүй иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж иржээ. Давхардсан тоогоор 4.1 сая харилцагчид хүрч үйлчлэн 7000 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл хэрэглээний зээл хумигдаж, арилжааны банкны шалгуурт хүрч чадахгүй байгаа иргэд санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд жилийн 48 хувийн хүүтэй финтек зээлийг авч байна гэсэн үг юм.
Монголын банк бус санхүүгийн байгууллага төрийн бус байгууллагаас Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 20.2.6-д “Банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан нь зөвхөн банкны салбарт үйлчлэх тухайлсан зохицуулалт бөгөөд санхүүгийн салбарын оролцогчдод хамаардаггүй. Энэ нь ББСБ-ууд олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд томоохон санхүүжилтүүд татдаг боловч тухайн зээлийн хүүнд нэмж 20 хүртэлх хувийн (банкнаас 4 дахин өндөр) татвар төлснөөр зээлийн хүүгийн өртөг нэмэгдэх, өрсөлдөх чадваргүй болох томоохон шалтгаан болж байна гэж тайлбарлаж байлаа. Үүнээс гадна Монголбанкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй нөхцөлийг бий болгодог зэрэг асуудлуудыг хөндлөө.
Мөн Монгол банкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй болгож байна гэсэн тайлбарыг өгч байлаа. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нэг зорилго байгаа учраас одоо мөрдөгдөж байгаа банк бус санхүүгийн байгууллагын жилийн 48 хувийн зээлийн хүүг эхний ээлжид арилжааны банкны түвшинд хүргэж, буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо.
Зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд өрсөлдөөнийг дэмжих нь нэн чухал. Тиймээс УИХ шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах болно гэсэн байр суурийг УИХ-ын дарга С.Бямбацогт илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх