Цахим мэдээ
Тойм

Барилгын технологийн ирээдүйг хэлэлцлээ

 Монгол Улсад орчин цагийн барилгын салбар хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Барилгын технологийн өнөө ба ирээдүй” форум зохион байгууллаа.

ХББОСЯ-ны мэдээлснээр форум нь “Технологийн 7 хоног”-ийн онцлох үйл ажиллагааны нэг бөгөөд салбарын шилдэг төслүүд, салбарын орчин үеийн технологи, томоохон бүтээн байгуулалтуудын барилга угсралтын явц, тэдгээрт ашиглаж буй дэвшилтэт техник, технологийн шийдлийг танилцуулж, оролцогчид туршлага солилцож байв.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгын салбарын ирээдүйн нь ногоон барилга, ухаалаг систем, дэвшилтэт технологид суурилж буйг дурдаад, бүтээн байгуулагчид дэлхийн жишигт нийцсэн инженерчлэлийн шийдлийг эх орондоо амжилттай нэвтрүүлж байгааг форумыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр ХББОСЯ энэ салбарт эрх зүйн шинэчлэл хийх, барилгын элдэв зөвшөөрлийн шат дамжлагыг багасгах, барилгын үйл ажиллагааны нэгдсэн цахим систем, өгөгдөлд суурилсан барилгын загварчлалын систем нэвтрүүлэх, барилгын материалын нэгдсэн өгөгдлийн сан хөгжүүлэхэд анхаарч байгааг ч тодотголоо. 

Өнгөрсөн 100 жилд барилгын зургийг гараар, дараа нь компьютер ашиглаж зурдаг байсан бол орчин цагт хиймэл оюун, дижитал өгөгдөл, робот зэрэг ухаалаг шийдэл ашиглан ногоон барилга барих ирээдүй рүү шилжиж байна. Энэ талаар барилгын инженер, технолокийн ухааны доктор Э.Хубилай ярихдаа, “Орчин үед ярих болсон их өгөгдөлд суурилсан технологи нь барилгын үйлдвэрлэлийг төгөлдөржүүлэх суурь юм. Мэдээлэлд суурилсан загварчлал буюу BIM-ыг тайлбарлавал, хоёр хэмжээст гэвэл дүрс, сүүдэр байдаг бол гурван хэмжээст нь дүрс, сүүдэр, агуулга хамтдаа бүх цогц мэдээллийг багтаадаг. Тэгэхээр зөвхөн барилгын зураг гэхээс илүү материалын үнэ, үйлдвэрлэсэн бүс нутаг, ашиглах хугацаа, тооцоолол гэх мэт тухайн барилгын сууриас эхлээд босох хүртэлх бүх тооцоо судалгааг агуулна гэсэн үг” хэмээв.

Форумд ХББОСЯ-ны удирдах албан тушаалтан, салбарын инженер, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх