Цахим мэдээ
Хаана

БНХАУ, Пакистан эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

КАРАЧИ, 2026 оны тавдугаар сарын 26 /Reuters/. Хөрш хоёр орон эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Гвадар боомтыг бүс нутгийн зангилаа цэг болгохын тулд стратегийн харилцаагаа гүнзгийрүүлэх "шинэ, өргөн хүрээний тохиролцоо"-нд хүрсэн талаар мягмар гарагт мэдэгдлээ.

Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф Бээжинд хийсэн айлчлалаа өндөрлөх үеэр талууд хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Түүний айлчлал нь Исламабадын эрх баригчид хөрөнгө оруулалт татахыг эрэлхийлэхийн сацуу Афганистантай үүссэн хурцадмал байдлыг зохицуулах, Ираны дайнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй цаг үетэй давхцаж байна.

Ерөнхий сайд Ш.Шариф БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзсаны дараа гаргасан уг мэдэгдэлд "Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад тохиролцсон загварын дагуу гуравдагч талууд оролцохыг хоёр тал сайшаан дэмжиж байна" гэж цохон тэмдэглэжээ.

Талууд Хятадын "Бүс ба Зам" санаачилгын тэргүүлэх төсөл болох Хятад-Пакистаны эдийн засгийн коридорыг "чанарын өндөр түвшинд" хөгжүүлэх, Пакистаны Гвадар боомтыг өргөжүүлэх, авто зам болон боомтын холболтыг хийхээр тохиролцов.

Мөн Пакистаны тал тус улсад ажиллаж буй Хятадын ажилчид болон хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй байдал, хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдлээ. Хятадын иргэд рүү чиглэсэн зэвсэгт халдлага удаа дараа гарсан нь Бээжингийн хувьд хамгийн ихээр санаа зовоож буй асуудал болоод байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх