Цахим мэдээ
Юу

"NASA" саран дээр байнгын бааз байгуулах төлөвлөгөөг танилцууллаа

"NASA" саран дээр байнгын бааз байгуулах зорилгын хүрээнд робот буугч төхөөрөмж, үсэрч хөдөлдөг дрон болон тээврийн машинуудыг сансар руу илгээх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Жефф Безосын үүсгэн байгуулсан "Blue Origin" зэрэг хэд хэдэн компани эдгээр төхөөрөмжийг бүтээхээр сонгогджээ.

АНУ 2029 онд Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хүмүүсийг дахин саран дээр буулгахыг зорьж байна. Мөн "NASA" нь хүмүүсийг сар руу дахин илгээх сансрын өрсөлдөөнд Хятадаас түрүүлэх гэж хичээж байна. Хятад улс өөрийн сарны хөтөлбөрөө идэвхтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд 2030 он гэхэд хүмүүсийг саран дээр буулгахаар төлөвлөжээ. Энэ долоо хоногт тус улс "Shenzhou-23" сансрын хөлгийг хөөргөж, сансрын нисэгчдээ "Tiangong" сансрын станц руу илгээсэн байна.

Энэ оны эхээр "NASA" 2032 он гэхэд сарны өмнөд туйл орчимд цөмийн болон нарны эрчим хүчээр ажиллах сарны бааз байгуулах 20 тэрбум ам.долларын төслийг зарласан.

"NASA"-ийн мэдээлснээр, энэхүү бааз нь шинжлэх ухааны туршилт хийх, ашигт нөөц хайх, цаашид Ангараг гарагт хүрэх судалгааг хийхэд ашиглагдах аж. Төсөл хэд хэдэн үе шаттай хэрэгжинэ. Эхний ээлжид "NASA" хүмүүс очихоос өмнө Сарны гадаргууг судалж, зураглал хийхийн тулд робот буугч төхөөрөмжүүд болон дронуудыг илгээхээр төлөвлөж байна. "Blue Origin", "Intuitive Machines", болон "Astrobotic" компаниуд эдгээр төхөөрөмжийг бүтээх гэрээг авчээ.

"Blue Origin" компани "Endurance" нэртэй сарны буугч төхөөрөмжийг хөгжүүлж байгаа бол "Astrobotic" компанийн "Griffin-1" төхөөрөмж сарны өмнөд туйлын ойролцоо газардах төлөвтэй байна.

"NASA" 2029 он гэхэд 25 удаагийн хөөргөлтөөр хэдэн тонн ачааг саран дээр хүргэж, робот судалгааг дуусгах зорилготой. Дараа нь 2032 он гэхэд сансрын нисэгчдийг саран дээр хагас байнгын сууцанд амьдруулж, сарны гадаргуу дээгүүр хол зайд зорчих роверуудыг туршихыг зорьж байна. Гэхдээ зарим шинжээчид "NASA"-ийн энэхүү төлөвлөгөөг хугацаандаа дуусч чадахгүй гэж үзэж байна. Уг төсөл "SpaceX" компанийн бүтээж буй "Starship Human Landing System" хэмээх аюулгүй саран дээр буух төхөөрөмжөөс ихээхэн хамаарч байгаа. Гэвч энэ төхөөрөмжийг бүрэн хөгжүүлж дуусахад олон саатал, техникийн асуудал гарч байна. Улмаар зарим эрдэмтэд Хятад улс АНУ-аас өмнө хүмүүсийг саран дээр буулгах дараагийн орон болж магадгүй гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

СЭТГЭГДЭЛ Үлдээх