Цахим мэдээ
Хаана

Тужийн нарсны онцлог нь элсний нүүдлийг тогтоох, байгалийн“ногоон хэрэм” болдог

Тужийн нарс нь экологийн амьсгал юм

Тужийн нарс нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар сумдын нутагт орших, Монголын хамгийн өвөрмөц нам газрын нарсан ойн экосистемийн нэг юм. Сибирийн их тайгын зүүн өмнөд зах, Хэнтийн нурууны салбар тогтоцтой залган орших бөгөөд элсэрхэг хөрсөн дээр тогтсон эгэл нарсан ой гэдгээрээ онцлогтой.

 Тужийн нарсыг экосистемийн хувьд иж бүрэн хамгаалах зорилгоор 2002 онд Улсын Их Хурлын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч, Байгалийн цогцолборт газар ангилалд хамруулсан байна. Тус хамгаалалттай бүс нь ойролцоогоор 70.8 мянган га талбайтай бөгөөд Монголын хамгийн нам дор орших нарсан ойд тооцогддог юм.

 Тус тужийн нарс нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар сумын нутгийг хамран аймгийн төв Сүхбаатар сумаас ойролцоогоор 20–40 кмт, далайн түвшнээс дээш 800–1400 м орчим өндөрт, элсэрхэг хөрстэй тэгш талын нарсан ой, намхан толгод, уулын нуга, голын сав газрын экосистем хослон оршдог байгалийн цогцолборт газар юм.

 Тужийн нарс нь зөвхөн мод төдийгүй, бүхэл бүтэн экосистем юм. Энд эгэл нарс зонхилон ургахаас гадна хус, улиас, сөөгөн ургамал, мөн эмийн болон ховор ургамлууд тархсан байдаг. Түүнчлэн буга, бор гөрөөс, зэрлэг гахай, үнэг, чоно, дорго зэрэг хөхтөн амьтнаас гадна ойн болон нүүдлийн олон төрлийн шувууд амьдардаг байна.Тужийн нарсны онцлог нь элсний нүүдлийг тогтоох, хөрс хамгаалах, чийг хадгалах экологийн үүрэгтэй байгалийн хамгаалалтын “ногоон хэрэм” болдогт оршино.

 “Тужийн нарс” гэх нэр нь нутгийнхны ярьдгаар “Туж нарс” буюу “бүгд шахам нарс модтой ой” гэсэн утгаас үүсэлтэй хэмээн үздэг. Хэсэгхэн хэсэгтээ хус, хар модтой ч нийтдээ нарсан ой давамгай тул ийн нэршсэн гэх аман яриа ч байдаг.

 Нутгийн ахмадууд “Тужийн нарсгүй бол энэ хавийн салхи, элс нүүх байдал огт өөр болно” гэж ярьдаг нь байгалийн хамгаалалтын ач холбогдлыг илтгэж байгаа юм.

Хэдэн жилийн өмнө ойн түймэр, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн тужийн нарс устаж үгүй болох аюулд тулд очсон юм. Гэвч дахин сэргэсэн нь маш том үйл ажиллагаа болж байгаа.

 Тухайлбал Тужийн нарс бол Монгол дахь ойн нөхөн сэргээлтийн хамгийн том жишээний нэг болсон. Сүүлийн жилүүдэд Тужийн нарс орчимд их хэмжээний нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг эрчимтэй хийж байна. Тодруулбал:

-Түймэрт өртсөн болон доройтсон бүсүүдэд мянга мянган га талбайг хамарсан нөхөн сэргээлт хийсэн.

-Байгалийн жамаар сэргэж буй талбайн хэмжээ нэмэгдэж, зарим хэсэгт 40–50 хувийн ногоон сэргэн ургалт ажиглагдсан.

-Нарсны суулгац тарих, хамгаалалтын зурвас үүсгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.

-Ойн мэргэжилтнүүдийн үнэлгээгээр “байгалийн сэргэн ургалт-хүний нөхөн тарилт” хосолсон загвар руу шилжиж байна.

 Энэхүү ажлууд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн орон нутгийн хамгийн бодит жишээнүүдийн нэг болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх