Цахим мэдээ
Улс төр

Нийслэлийн 24 мега төслийг АТГ, ТЕГ, ЦЕГ хамтран шалгаж эхэллээ

Нийслэлд хэрэгжиж буй томоохон мега төслүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд хамтран шалгаж эхэлжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг Туулын хурдны зам, Сэлбэ 20 минутын хот, Шинэ тойрог авто зам, Улаанбаатар метро зэрэг төслүүдийн зураг төсөв, ТЭЗҮ, сонгон шалгаруулалт болон санхүүжилттэй холбоотой баримтуудыг нягталж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, ажлын хэсгийнхэн Хангарди ордонд байрлах холбогдох төслийн нэгж, газар хэлтсүүдэд ажиллаж, зарим бичиг баримтыг хураан авчээ.

Мөн нэр бүхий байгууллагуудын дансанд хязгаарлалт тогтоон шалгалт үргэлжилж байгаа талаар мэдээлэгдэв. Түүнчлэн төслүүдийн тендер, сонгон шалгаруулалт нь хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар холбогдох материалыг Сангийн яаманд хүргүүлсэн байна. Шалгалтын хүрээнд холбогдох гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим албан тушаалтнуудыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тухайлбал, Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг цагдан хорьж шалгаж байгаа бол Сэлбэ 20 минутын хот төслөөр НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарт хилийн хориг тавьжээ. Мөн Шинэ тойрог авто зам болон Улаанбаатар метро төслүүдтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх