Цахим мэдээ
Юу

МӨНГӨ ТӨЛЖ НАЙЗ “ХӨЛСЛӨХ” ҮЙЛЧИЛГЭЭ ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Хятадад хамт хооллох, аялж зугаалах, ууланд алхах зэрэгт зориулан мөнгө төлж найз, хамтрагч хөлслөх үйлчилгээ эрчимтэй хөгжиж, шинэ төрлийн үйлчилгээний зах зээл болон өргөжиж байна.

Сүүлийн жилүүдэд залуус болон ганцаараа амьдардаг иргэдийн дунд хамт хооллох, кино үзэх, хот үзүүлэх, спортын арга хэмжээнд оролцох зэрэгт хамтрагч хөлслөх эрэлт нэмэгджээ. Тухайлбал, зарим аялал жуулчлалын бүс нутагт ууланд хамт авирах, зураг авч өгөх, цүнх барьж өгөх, зам заах зэрэг үйлчилгээ үзүүлдэг “авиралтын хамтрагч” хүртэл бий болсон байна.

Судлаачдын үзэж буйгаар хотжилт, ганцаардал нэмэгдэх, ажлын ачааллаас шалтгаалан хүмүүсийн нийгмийн харилцаанд зарцуулах цаг багассан нь ийм төрлийн үйлчилгээ эрэлттэй болоход нөлөөлжээ. Мөн сэтгэл санааны хэрэгцээ, харилцааны мэдрэмжид чиглэсэн хэрэглээ нэмэгдэж байгаа нь уг зах зээлийн өсөлтийг дэмжиж байгаа аж.

Зарим тооцоогоор энэ төрлийн үйлчилгээний зах зээлийн хэмжээ хэдэн арван тэрбум юаньд хүрсэн байна.

Гэхдээ энэхүү үйлчилгээ нь ихэвчлэн найз нөхрийн хүрээнд хамт цаг өнгөрөөх, аялж зугаалах, ярилцах зэрэгт чиглэдэг бөгөөд харилцааны бусад хэлбэрээс ялгаатай гэж эх сурвалжууд онцолжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх