Аргентины довтлогч Хулиан Альваресыг 100 сая еврогоор авах саналаа “Барселона” клуб Мадридын “Атлетико” багт албан ёсоор хүргүүлсэн байна. Энэ тухай Х нийгмийн сүлжээний хуудсандаа сэтгүүлч Фабрицио Романо бичжээ.
Үүнээс өмнөхөн Испанийн телевизийн Mega сувгаар мэдээлснийг үзвэл, Францын “Пари Сен-Жермен” клуб Альваресыг 120 сая еврогоор авах санал тавьсан бөгөөд Ли Кан Ин, Гонсалу Рамуш гэсэн хоёр тоглогчоо “Атлетико”-д өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Харин “Барса” ямар ч бонус амлаагүй нь “Атлетико”-гийн удирдлагад таалагдаагүй бололтой. Үүний зэрэгцээ Альварес өөрөө клубээсээ явах зөвшөөрлийг хүссэн байна.
Өдгөө 26 настай Альварес 2024 оноос хойш “Атлетико”-д тоглож байгаа юм. Өмнө нь тэрбээр “Манчестер Сити”-д тоглож байхдаа Английн аваргаар хоёр удаа шалгарч, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ-д түрүүлснээс гадна Английн цом, Английн супер цом, УЕФА-гийн супер цомыг тус бүр нэг удаа хүртэж байв.
Түүнчлэн Аргентины “Ривер Плейт” багт тоглох байхдаа улсын аваргаар шалгарч, Либертадоресын цом, Аргентины цом, Аргентины супер цомыг хүртжээ.
Харин Аргентины шигшээгийн бүрэлдэхүүнд 51 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн байна. Тус багт тоглохдоо 2022 оны ДАШТ-д түрүүлж, Америкийн цомыг хүртэж, Европын ба Өмнөд Америкийн хөл бөмбөгийн аварга багуудын хооронд болдог тоглолтод /Финалиссима/ ялж байв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх