Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс цэцэрлэг, сургуулийн амралт эхэлж буйтай холбогдуулан хүүхдийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Т.Батнаран “Амралт, зугаалгын улирал эхэлж буй энэ үед хүүхдийн осол, гэмтлийн тоо эрс нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд скүүтер, мопедын хэрэглээ өссөнтэй холбоотойгоор энэ төрлийн осол, гэмтэл ч нэмэгдэж байна. Тухайлбал, 2024-2025 оны хооронд нэг жилийн хугацаанд скүүтер, мопедтой холбоотой осол, гэмтлийн тоо зургаа дахин өссөн.
Ялангуяа цахилгаан дугуй, скүүтерийг бага насны хүүхдүүд унаснаас үүдэн гавал, тархины хүнд гэмтэл авах тохиолдол их бүртгэгдэх болсон. Мөн нэг скүүтер дээр хоёроос гурван хүүхэд хамт зорчих нь осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж буй. Иймд хүүхдүүдийг аюулгүй зорчиход зөвхөн цагдаа, хууль хяналтын байгууллагынхан бус иргэд ч шаардлага тавьж, сануулж байх нь чухал байна.
Гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжаар хоногт 200 гаруй хүүхэд тусламж, үйлчилгээ авч байна. Хичээл, сургуулийн амралт эхлэхээр хүүхдүүдийн дунд ахуйн хүрээний түлэгдэлт, тоглоомын талбайд тоглож байхдаа гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг. Тухайлбал, гулсуураас унах, савлуурт толгойгоо цохих, хувцас хатаагчид хуруу, гараа хавчуулах зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандах нь элбэг байдаг. Иймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулах, хүүхдээр хүүхдээ харуулахгүй байх, автомашинаар зорчих үед хамгаалах хэрэгсэл, хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэх зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх