Цахим мэдээ
Урлаг, Спорт

Шакира, Мадонна, BTS хамтлаг хөлбөмбөгийн ДАШТ-ий halftime шоунд оролцоно

Шакира, Мадонна болон K-pop-ын супер одод болох BTS хамтлаг 2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх анхны шигшээ тоглолтын halftime show-ны гол оролцогчид болно гэдгийг FIFA өөрийн Instagram дахь нийтлэлээрээ мэдэгдлээ.

ДАШТ-ий шигшээ тоглолт долоодугаар сарын 19-нд MetLife Stadium цэнгэлдэх хүрээлэнд болно. Дэлхий даяар сая сая үзэгч татахаас гадна цэнгэлдэхийн бүх суудал дүүрнэ гэсэн хүлээлт үүсээд буй.

2026 оны ДАШТ зургаадугаар сарын 11-нд Мехико хотод эхлэх бөгөөд тоглолтууд АНУ, Канад, Мексикийн олон хотод зохион байгуулагдана.

Шигшээ тоглолтын шоуг Крис Мартин найруулж, ашгийн бус Global Citizen байгууллага продюсерээр ажиллаж, орлого нь FIFA Global Citizen Education Fund-д зориулагдах аж.

Уг сан нь “дэлхийн хүүхдүүдэд чанартай боловсрол олгох, хөлбөмбөгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 100 сая ам.доллар босгох түүхэн санаачилга” гэж FIFA мэдэгдсэн юм. 2026 оны ДАШТ-ий тоглолтын борлуулсан тасалбар бүрээс 1 ам.долларыг тус санд хандивлахаар төлөвлөжээ.

Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн halftime show-ны бичлэгт Крис Мартинтай хамт Sesame Street болон Muppets-ийн дүрүүд оролцсон бөгөөд BTS хамтлагийнхан ч багтсан байна. FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино 2025 оны гуравдугаар сард болсон ДАШТ-тэй холбоотой арга хэмжээний үеэр энэхүү анхны тоглолтыг урьдчилан дурдсан. “Энэ нь FIFA-гийн ДАШТ-ий түүхэн мөч байх бөгөөд дэлхийн хамгийн том спортын арга хэмжээнд тохирсон шоу болно” гэж Инфантино тухайн үед хэлж байсан юм.

Хөлбөмбөгийн албан ёсны дүрмийг тогтоодог International Football Association Board-ын дүрэмд завсарлага 15 минутаас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг. Иймээс Америкийн NFL-ийн Super Bowl тэмцээний завсарлагааны шоуны нэгэн адил шоугаа багтаахын тулд тоглолтын хугацаанд өөрчлөлт оруулах эсэх нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт FIFA реггетон урсгалын супер од Жэй Балвин Мехико хотод болох ДАШТ-ий нээлтийн ёслолын гол оролцогч болно гэж мэдэгдсэн.

Түүнтэй хамт Алехандро Фернандез, Белинда, Дэнни Оушн, Лила Даунс, Лос Анжелес Азулес, Мана, Тайла нар тоглох юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх