Цахим мэдээ
Гэр бүл, хүүхэд

ХҮҮХДИЙН БАЯР ГЭДЭГ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ХҮҮХДИЙН БАЯР ГЭДЭГ ГАНЦХАН ӨДРИЙН БАЯР БАЙХ ЁСТОЙ ЮУ 

Сүүлийн өдрүүдэд 3 настай бяцхан хүүхэд цооногт унасан гэх харамсалтай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, нийгмийг бүхэлд нь цочроолоо. Энэ бол ганцхан айлын эмгэнэл биш билээ.

Мөн он гарснаас хойш: Хогийн цэг дээр тоглож байсан 13 настай хүү шороонд дарагдаж нас барсан.

Сургуулиа тараад явж байсан хүү цооногт унасан гөлөгийг аврах гээд амиа алдсан зэргийг харахад бидний амьдарч байгаа дэлхий, нийгэм бидний үр хүүхдүүдэд маань ээлгүй, аюул дүүрэн байсаар л...

Харамсалтай нь бидний зүгээс богино хугацаанд шуугиад мартаж, дараагийн осол гарах хүртэл чимээгүй байдаг нь гашуун үнэн.

Харин энэ удаагийн тохиолдол бидэнд бодитой ажил хийх ёстойг маш тодорхой харууллаа. 

Эдгээр үйл явдалтай холбоотойгоор хүмүүсийн сэлгэлзүй ч асар их айдас түгшүүрт автжээ.

Гэтэл хүмүүсийн дунд тархаад байгаа эдгээр хэргүүдээс гадна олны дунд мэдэгдээгүй өнгөрч байгаа өчнөөн асуудал гарч байдаг гэдэг нь хамгийн эмгэнэлтэй.

Энэ бол нэг талаараа ганцхан улс төрийн асуудал биш, бид бүгдийн хариуцлага, хүн бүрийн ухамсрын асуудал бөгөөд бидний амьдарч буй орчны бодит дүр зураг юм.

Удахгүй Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Жил бүр бид энэ өдрийг баярын жагсаал, арга хэмжээ, уриа лоозонгоор тэмдэглэдэг. Гэвч бодит байдал дээр хүүхдүүдийн аюулгүй байдал, хамгаалалт хангалттай түвшинд хүрч чадсан уу?

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол зөвхөн “хүүхдэд хайртай” гэдгээ хэлэх өдөр биш.

Мэдээж нэг өдрийг гэр бүлийн дурсамж дүүрэн аз жаргалтайгаар өнгөрөөх нь буруу биш ч гэсэн илүү холын ирээдүйг харсан зөв үйлдлүүд илүү байгаасай гэж хүсье.

Нэг хүүхдийн амь нас, эрүүл мэнд ямар ч баяр ёслолоос илүү үнэтэй.

Бид баяр тэмдэглэхээсээ илүү хүүхдүүдээ хамгаалах ёстой.

Энэ жилийн хувьд хүүхдүүдтэй холбоотой олон удаагийн харамсалтай хэрэг биднийг энэ тал дээр дуугүй өнгөрч болохгүй дохио өгч байна.

"Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" гуравхан өдрийн дараа болох гэж байна. 

Бид хүүхдүүддээ сахараар дүүрэн хор авч өгөөд баярлуулсанд тооцон сэтгэлээ хуураад өнгөрөх үү?

@Terguun.mn сайтын зүгээс иргэддээ шуурхай мэдээллийг өгөхөөс гадна нийгэмдээ бодит хувь нэмэр оруулах үүднээс өөрсдийн чадлаараа хичээн ажиллах болно.

Мөн Олны танил хүмүүс болон эерэг хандлагатай энгийн иргэд маань ч гэсэн өөрсдийн чадах хэмжээгээрээ идэвхитэй санаачлагатай байж, эрүүл аюулгүй, сайн сайхан нийгмийг үр хүүхдүүддээ үлдээхэд хамтдаа хувь нэмрээ оруулцгаая...

СЭТГЭГДЭЛ Үлдээх