ЦУОШГ-ын мэдээлснээр, зургаадугаар сард агаарын дундаж температур баруун, говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна.
Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Зургаадугаар сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан, зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ч сарын эхний 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал их байх юм. Иймд малаа бэлчээрлүүлэх, үрсэлгээгээ хамгаалах болон хол замд гарахдаа болгоомжтой байж, цаг агаарын мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөжээ. Цаашдаа хоёрдугаар 10 хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх тул хуурайшилт нэмэгдэж болзошгүй. Иймд ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ой хээрийн түймрээс сэрэмжлэхийг анхааруулав. Харин гуравдугаар 10 хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орох магадлалтай тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх ч эхний 10 хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 3-5 градусаар хүйтэрнэ. Хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байх төлөвтэй. Харин нэг ба хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байна. Хур тунадас хоёрдугаар 10 хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар 10 хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орж, салхи ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Эхний 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 градусаар хүйтэн байна. Хоёрдугаар 10 хоногийн дунд, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 градусаар сэрүүсэх төлөвтэй. Харин эхний 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн, сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаарна. Хур тунадас нэгдүгээр 10 хоногийн эхэн, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд, гуравдугаар 10 хоногийн дунд үед бага зэрэг, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй. Эхний 10 хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 градусаар хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар 10 хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байх төлөвтэй. Хур тунадас эхний 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн эхэн үед зарим газраар, гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орж, салхи ширүүсэж болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх ч нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 2-5 градусаар хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд болон сүүлч үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 градусаар сэрүүснэ. Хоёрдугаар 10 хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан өдрүүд үргэлжлэх төлөвтэй. Хур тунадас эхний болон хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлч үед зарим газраар дуу цахилгаантай аадар орж, салхи ширүүсэх магадлалтай ажээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх