Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дундаж нь уулархаг нутгаар +13+19 градус дулаан, бусад нутгаар +20+24 градус дулаан байдаг. Харин сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говиор 10-20 мм, бусад нутгаар 20-40 мм ордог байна.
Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлнэ.
Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд, ирэх сард агаарын дундаж температур Ховд нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Мөн хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй. Иймээс цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол ашиглахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.
Цаашид тухайн сарын хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан өдрүүд зонхилох тул хуурайшилт нэмэгдэж болзошгүй байгаа учраас цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мөн ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Үүнээс гадна ирэх сарын гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ Үлдээх