Сүүлийн үед олон залуус хорвоогийн мөнх бусыг хэтэрхий эрт үзэж байна. Сошиалд өдөр бүр нэг эмгэнэл хөвөр ч үхэл хагацал үзсэн хүн бүрийн сэтгэлийг хөндийрүүлж байгаа нь харамсалтай. Өглөө инээж, мөрөөдлөө ярьж явсан хүн орой нь зураг болон үлдчихдэг энэ цаг үе айдас төрүүлэм. Бид сошиал ертөнцөөр дүүрэн “Их сайхан хүн байсан”, “Дэндүү мундаг нэгэн байлаа”, “Ямар их хайртай байснаа хэлж амжаагүй” гэх үгсийг урсгадаг. Амьд ахуйд нь хэлээгүй магтаал, үзүүлээгүй халамж, зориулаагүй цаг хугацаагаа зөвхөн үгүй болсны дараа харамсан бичдэг нь хамгийн эмгэнэлтэй. Хамгийн гунигтай нь тэр хүн бидний бичсэн тэр бүх сайхан үгийг дахиж хэзээ ч уншихгүй, харахгүй гээд нэг бодоод үзээрэй. Бидний хайр, талархал, уучлал, санаа зовнил бүгд хэтэрхий оройтсон байдаг. Өнөөдөр хүмүүс мөнгө, нэр хүнд, атаархал, өрсөлдөөн дунд амьдарч байгаа ч үнэндээ хүн хүндээ л хамгийн хэрэгтэй. Нэг мессеж, нэг тэврэлт, нэг ганцхан асуулт хэн нэгнийг аварч ч мэднэ.
Гэтэл бид хамгийн дотнын хүмүүсдээ хүртэл хайраа илэрхийлэхээс ичдэг, завгүй гэж хойшлуулдаг, дараа амжина гэж боддог. Харин амьдрал дараа гэдэг амлалтыг хэнд ч баталгаажуулдаггүй. Тиймээс залуусаа, бие биенээ амьд дээр нь хайрлая. Сайхан үгээ харамлалгүй хэлж байя. Уурласан ч эргээд асууж байя, холдоод удсан нэгнээ сураглаж байя. Учир нь маргааш хэн нэгний зураг дээр “RIP” гэж бичихийн оронд өнөөдөр Би чамд хайртай, Чи надад хэрэгтэй хүн шүү гэж хэлэх нь илүү үнэ цэнтэй. Амьдрал богино. Харин хайрлаж амжсан мөчүүд л хүний хамгийн том дурсамж болж үлддэг. Бие биедээ хайртай байцгаая.
СЭТГЭГДЭЛ Үлдээх