Яаж ийгээд нэг өдөр өнгөрөөчихье гэх хандлага манай нийгэмд аажмаар хэвийн үзэгдэл болчихжээ. Ажилдаа сэтгэлгүй, хийсэн дүр эсгэсэн, хариуцлагаас бултсан хүмүүс олширсоор. Хамгийн харамсалтай нь үүнийг залуучуудын дунд “амьдрах арга” мэт ойлгодог болсон байна. Өглөө ажилдаа ирнэ. Гэхдээ бүтээх гэж биш, цаг нөхөх гэж. Аливааг сурах гэж биш, аргалах гэж. Илүү хөгжих биш, зүгээр л цалингаа авахын төлөө. Ингээд чадваргүй нэгэн нь чадвартайгаа доош татаж, хөдөлмөрлөсөн нь хүртэл үнэгүйддэг орчин бий болжээ. Өнөөдөр Монголд боломж алгадаа биш, бидэнд бүх боломж байна. Харин боломжоо ашиглах хүсэл, өөрийгөө дайчлах сахилга бат дутагдаж байна, сахилга бат гэхээр бас хэтийд ойлгохвий. Сахилга бат гэдэг нь ядаж өглөө ажилдаа ирдэг, урдаа байгаа хогоо хаяад сурах юм.
Улс орны хөгжил ганц хоёр улстөрчөөс бус, өдөр бүр ажлаа үнэнч хийдэг жирийн хүмүүсээс эхэлдэг. Нэг хүн ажлаа чанартай хийхэд нэг байгууллага өөрчлөгдөнө. Нэг үе хөдөлмөрч байхад улс хөгжинө. Залуучуудыг залхуу болгож буй хамгийн том зүйл бол хэт амар аргаар амжилтад хүрнэ, өөрийгөө хэт өндөрт үнэлэх явдал. Баян харагдахыг хүсдэг мөртлөө хөдөлмөрлөхийг хүсдэггүй. Алдаршихыг мөрөөддөг ч чадвараа хөгжүүлэх тэвчээргүй. Хэрвээ бид энэ хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй байна гэж гомдоллох эрх ч үгүй болно. Учир нь нийгмээ бид өөрсдөө бүтээдэг. Өнөөдөр Монголд мөнгөнөөс илүү ховордсон зүйл бол сэтгэлтэй, хариуцлагатай, хөдөлмөрч хүн болжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх