Сүхбаатарын талбайд 5 сарын 15-17-ны өдрүүдэд "Номын баяр” үргэлжилсээр байна
Уншигчид, зохиолчид, хэвлэн нийтлэгчид, боловсролын байгууллагууд болон номд хайртай хүн бүхнийг нэгтгэдэг 39 дэх удаагийн “Номын баяр”, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор өнөөдөр гурав дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Энэ удаагийн номын баярын хувьд хүүхэд залууст чиглэсэн агуулгад онцгой анхаарал хандуулжээ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Либро Сувд” утга зохиолын агентлагаас номын соёлыг түгээх агуулга бүхий долоон номоос бүрдсэн багц эрхийг авч монгол уншигч хүүхдүүддээ уншуулахаар эрхлэн гаргаж байгаа аж. “Номын баяр”-ыг 2007 оноос хойш жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд Монголын номын соёл, уншлагын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдын уулзалтыг дэмжих, хэвлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.
Номын баярын хүрээнд дотоодын хэвлэлийн газрууд, зохиолчид, орчуулагчид, номын худалдааны байгууллагууд олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа нээлттэй явуулж, шинэ ном бүтээлийн нээлт, зохиолчийн уулзалт, гарын үсэгтэй худалдаа, хүүхэд залууст зориулсан соёл, боловсролын олон талт зохион байгуулав.
“Номын баяр” нь зөвхөн ном худалдаалах бус уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг мэдлэг боловсрол, зөв хандлага, байгальд ээлтэй үнэт зүйлд уриалсан соён гэгээрлийн томоохон үйл ажиллагаа болж өргөжиж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх