“Нью-Йорк Пост” сонинд мэдээлснийг үзвэл, Ирландын холимог тулаанч Конор Макгрегор UFC холбоонд эргэн ирснээр долоодугаар сард Макс Холлоуэй-тэй тулаан хийхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Лас-Вегаст 7 дугаар сарын 11-нд UFC 329 тэмцээний хүрээнд болох тулааны талаар хоёр тулаанчийн багийнхны хийж буй хэлэлцээ үндсэндээ дууссан байна.
Сануулан дурдахад, сэргээшийн шинжилгээ өгөхөөс гурван удаа цааргалсан К.Макгрегорын эрхийг 2025 оны 10 дугаар сард 18 сарын хугацаагаар хассан билээ. Үүнээс өмнө тэрбээр UFC холбооны хүрээн дэх сүүлчийн тулаанаа 2021 оны 7 дугаар сарын 11-нд Америкийн тамирчин Дастин Порье-тэй хийхдээ хөлдөө гэмтэл авч, нэгдүгээр үед техникийн нокаутаар ялагдсан юм.
Түүнээс хойш Макгрегор UFC-д эргэн ирэхээр төлөвлөж байгаа тухайгаа хэдэнтээ мэдэгдсэн боловч ганц ч тулаан хийгээгүй байна. Одоогийн байдлаар, өдгөө 37 настай тэрбээр ММА мэргэжлийн холимог тулааны талбарт 22 удаа ялж, 6 удаа ялагдаад байгаа ажээ.
Түүний эрхийг хассан хугацаа энэ оны гуравдугаар сарын 20-нд дууссан байна. UFC холбооны аваргын анхны бүсээ тэрбээр 2015 онд авсан бөгөөд хожим нь хагас хөнгөн ба хөнгөн гэсэн хоёр жинд аваргалжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх