Цахим мэдээ
Гэр бүл, хүүхэд

“Өвөрхангай марафон-2026” “Аймгаараа гүйж, аз жаргал түгээлээ

“Аймгаараа гүйж, аз жаргал түгээе” уриатай “Өвөрхангай марафон-2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Арвайхээр хотын “Суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд 1200 гаруй хүн оролцож, 5-21 км зайд гүйж өрсөлдсөн юм.

Энэ жилийн марафонд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо оролцсон хүмүүс олон байлаа. Мөн баг, хамт олноороо ижил хувцас, уриатай оролцсон нь тэмцээний уур амьсгалыг илүү өнгөлөг, сонирхолтой болгожээ.

Тухайлбал, “Lion Cub” волейболын клубийн сурагчид “Мод тарьж, ногоон ирээдүйг бүтээе” уриа дэвшүүлэн модны суулгац барьж гүйснээрээ олны анхаарлыг татсан байна. Тэд спортын үйл ажиллагааг байгаль хамгаалах санаачилгатай уялдуулснаараа онцлог байв.

Энэ удаагийн марафонд гадаадын иргэдээс гадна хөдөө сумдын малчин эмэгтэйчүүд оролцсон нь тэмцээний онцлох агшнуудын нэг байлаа. Тэд “Түрүүлэхээс илүү өөрийгөө сорих, идэвхтэй хөдөлгөөнд хэвшихийг зорьсон” хэмээн ярьж байсан юм.

“Гэрэгэ” гүйлтийн клубийн санаачилгаар, УИХ-ын гишүүдийн дэмжлэг, аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан “Өвөрхангай марафон-2026” тэмцээний шилдгүүдийг таван ангиллаар шалгаруулж, шагнал гардууллаа

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх