Намайг Зоригтын Үерхэн гэдэг.
Манайх Өвөр Монголын Ордос хавиар нутагтай. Аальхан багадаа аргалын гал дээр чанасан аагтай цайгаа уун, өвөө эмээгийнхээ өгүүлэх хууч яриа, үлгэр домгийг сонсож өсжээ. Миний өвөө нутгийнхаа “Амьд толь бичиг” шиг хүн байсан. Хожим сэхээрэх нь ээ, өвөө маань л надад монгол хэл, соёл, өв уламжлалаа хайрлах гүн гүнзгий эрмэлзлийг суулгасан юм билээ.
Би гэр бүлийнхнийхээ хамт 2019 онд Монголд аялахаар ирж байв. Тухайн үед зарим идээ ундааны нэршил, тэр битгий хэл өдөр тутмын үг хэллэг хүртэл манайхаас зөрүүтэй байснаас болж, хөгжилтэй явдал цөөнгүй тохиолдсон. Энэ нь надад монгол хэлний нутгийн аялгын ялгаа, онцлогийг илүү гүнзгий ойлгож мэдэх сэдэл төрүүлсэн.
2020 онд би Өвөр Монголын их сургуулийн монгол хэлний ангид суралцан бакалаврын зэргээ хамгаалсан. Монгол хэл сурч, судлах замыг амьдралынхаа шугам болгосон нь миний хувьд хувь заяаны сонголт мэт санагддаг. Ийнхүү би бакалавраа төгсөөд монгол хэл, соёлоо илүү гүнзгий ойлгохын тулд Монгол Улсын Их Сургуульд магистрын сургалтаа эхлүүлсэн.
Өнөөдөр би төгсөх курстээ суралцаж байна. Монгол орны жилийн дөрвөн улирал, уламжлалт баяр наадам сэтгэлд минь гүнээ хоногшжээ. Түүнчлэн эрдэмтэн багш нар маань мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж, миний харааг тэлж монгол хэл соёлыг шинэ өнцгөөс танин мэдэхэд ихээхэн нөлөөлсөнд туйлын их талархдаг.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд халх аялгын хэрэглээ, онцлогийг ойлгож сурах гэсэн хичээл зүтгэл минь талаар болсонгүй. Гэхдээ монгол залуусын дунд англи, орос, солонгос, япон зэрэг гадаад хэлний үг хэллэгийг өдөр тутамдаа ихээр оруулж ярих нь түгээмэл ажиглагддаг. Энэ нь зарим тохиолдолд ойлгомжгүй байдал үүсгэдэг.
Иймээс улс үндэстний ирээдүй болсон залуус Та бүхэн эх хэл бол дархлаа, харь хэл бол хэрэглээ гэдгийг сайтар ухамсарлан, монгол хэл соёлоо үеийн үед өвлүүлэн үлдээхэд өөрийн чадлаар чармайх нь зүй болов уу.
СЭТГЭГДЭЛ Үлдээх