Нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглээ барууны орнуудын залуусын аз жаргал, сайн сайхан байдлын бууралтад томоохон нөлөө үзүүлж байна гэж НҮБ-ын дэмжлэгтэй тайланд дурджээ.
Жил бүр гардаг Дэлхийн аз жаргалын тайлангийн хамгийн сүүлийн хувилбарт дурдсанаар сошиал медиаг ихээр хэрэглэх нь залуусын сайн сайхан байдал санаа зовоохуйц буурах болсон нэг шалтгаан гэж үзсэн байна.
Сүүлийн хорин жилийн хугацаанд АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг нийт 15 оронд залуусын сайн сайхан байдлын түвшин мэдэгдэхүйц буурсан тухай тайланд дурджээ. Гэхдээ энэ хандлага дэлхий даяар ажиглагдаагүй бөгөөд дэлхийн хүн амын 90 хувийг хамарсан бүс нутгуудад залуусын амьдралын сэтгэл ханамж өмнөхөөсөө илүү нэмэгдсэн байна.
Тайланг хийсэн судлаачид “Эдгээр хандлагад олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд тэдгээр нь тив бүрт өөр өөр байна. Гэхдээ энэ тайлан дахь нотолгоо нь зарим оронд сошиал медиаг ихээр хэрэглэх нь тайлбарын чухал хэсэг болж байгааг харуулж байна” гэжээ. Мөн “Англи хэлт орнууд болон Баруун Европоос бусад бүс нутагт сошиал медиа хэрэглээ болон сайн сайхан байдлын хоорондын холбоо илүү эерэг бөгөөд платформ бүрээр ялгаатай байна” гэж нэмж дурдсан.
Энэхүү тайланг Оксфордын их сургуулийн Wellbeing Research Centre нь Gallup болон НҮБ-ын Sustainable Development Solutions Network-тэй хамтран нийтэлсэн бөгөөд PISA олон улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр болон Америкийн нийгмийн сэтгэл судлаач Жонатан Хайдтын судалгааг ашигласан байна.
Залуусын сайн сайхан байдал буурсан ч барууны орнууд, ялангуяа Скандинавын орнууд нийт аз жаргалын үзүүлэлтээр тэргүүлсэн хэвээр байна.
Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар ес дэх жилдээ дараалан шалгарсан бол Исланд, Дани, Коста Рика, Швед, Норвеги улсууд удаалжээ.
Мөн Нидерланд, Израил, Швейцар улс эхний 10-т багтсан байна.
Харин Ойрхи Дорнод болон Африкийн орнууд хамгийн бага аз жаргалын үнэлгээтэй гарсан бөгөөд Афганистан хамгийн доогуур байр эзэлжээ. Мөн Зимбабве, Малави, Египет, Йемен, Ливан улсууд доод 10-т багтсан байна.
Сүүлийн жилүүдэд сошиал медиа нь дээрэлхэлт, бэлгийн мөлжлөг, сэтгэцийн эрүүл мэндийн доройтолтой холбоотой гэж үзэх болсонтой холбогдуулан олон улсын засгийн газруудын анхаарлын төвд орсон.
Австрали улс өнгөрсөн жил 16-аас доош насныханд сошиал медиа хэрэглэхийг хориглосон дэлхийн анхны хууль баталсан бол Индонез, Франц, Грек улсууд ижил төстэй арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх