Цахим мэдээ
Урлаг, Спорт

Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд боллоо

512 бөхийн манлайгаар аймгийн арслан М.Эрхэмбаяр тодорлоо

Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд боллоо.

Анх удаа болсон энэхүү барилдааныг “Эв Монгол” клубын дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү санаачилсан бөгөөд тэрбээр “Аймаг, цэргийн цолтой бөхчүүд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд оролцохыг хүссэн ч багтдаггүй. Тиймээс тэр бөхчүүдэд боломж олгох зорилготой байлаа. Зорилго биелсэнд баяртай байна. Хэдийгээр 512 бөх барилдсан ч цаана нь бүртгүүлээд оролцож чадалгүй үлдсэн 200 гаруй бөх бий. 700 гаруй бөх бүртгүүлсэн байна билээ. Тиймээс өргөн хүрээнд хийхийг зорьсон. Орон нутгаас ч бөхчүүд зорин ирж барилдлаа. Сайхан барилдаан боллоо” хэмээсэн юм.

Аймаг, цэргийн цолтой 512 бөхийн анхны барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган Хангай” дэвжээний бөх, аймгийн арслан М.Эрхэмбаяр ес даван түрүүлж анхдагч боллоо. Ингэснээр тэр бөхийн өргөөнд зохион байгуулсан аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд анх удаа түрүүлэв. Өмнө нь нэгдүгээр сард болсон “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд наймын даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоожид өвдөг шороодон үзүүрлэж байсан юм. Тэгвэл Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Батцоож үзүүрлэв. Түүний хувьд 2025-2026 оны улиралд улс тунхагласны барилдаанд их шөвөгт шалгарсан билээ.

Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар үлдэв. Харин дунд шөвөгт аймгийн арслан Б.Баянсүх, Б.Нямсамбуу, М.Баяржавхлан, заан И.Доржсамбуу нар шалгарлаа.

Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Х.Чойжилсүрэнд, “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”-ыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, “Эв Монгол” клубын бөх Б.Эрболдод, “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Эв Монгол” клубын бөх, сумын заан А.Буянжаргал гардууллаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх