Казахстаны инфлүүнсэр Нургелди Кердеш аавын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа гэх мэдээлэл сошиалд шуугиан тарив. Зарим нь “гоё юм”, “мундаг PR” гэж магтаж байхад нөгөө хэсэг нь “энэ улс оронд ямар бодит өгөөжтэй вэ?” гэж асууж байна.
Төрийн тэргүүний цаг хугацаа, уулзалт бүхэн улс орны эрх ашиг, эдийн засаг, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, бодлогын үр дүнтэй холбоотой байх ёстой. Харин өнөөдөр бид бодит үр дүнгээс илүү дүр зураг, хөөргөсөн контент, цахим шуугианд амархан хууртагддаг болжээ. Дэлхийн удирдагчид инфлүүнсэрүүдтэй уулздаг тохиолдол бий.
Гэхдээ тэд аялал жуулчлал, экспорт, үндэсний брэнд, хөрөнгө оруулалтын бодит кампанит ажлын хүрээнд ашигладаг. Харин манайд ийм уулзалтын зорилго, үр дүн, дараагийн алхам нь тодорхойгүй байхад “пүү паа” гэж баярлах нь хэт өнгөц харагдана. Монголд өөрийн гэсэн нөлөө бүхий, дэлхийд танигдсан контент бүтээгчид бий. Тэдэнтэй хамтарч улс орноо сурталчлах бодлого хаана байна? Яагаад гаднын хүнийг хараад л гайхдаг сэтгэлгээ давамгайлах болов? Өнөөдөр бидэнд лайк, шэйр, трендээс илүү ажил хэрэгтэй байна. Утаа, түгжрэл, авлига, ажлын байр, экспорт, боловсрол, эрүүл мэндийн асуудал шийдэгдэхгүй байхад инфлүүнсэрийн зурагтай уулзалтаар бахархах цаг биш. Хэлбэрт хууртаж, агуулгаа гээвэл улс орон урагшлахгүй. Зураг гоё байж болно. Гэхдээ зурагнаас цаашх асуултаа тавьж сурах цаг болсон.
СЭТГЭГДЭЛ Үлдээх