Цахим мэдээ
Нийгэм

"Улаанбаатар марафон 2026"-д 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

Улаанбаатар марафон-ы 2026 оны олон улсын гүйлтийн бүртгэл албан ёсоор үргэлжилж байна. Оролцогчид тавдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл ulaanbaatar.marathon.mn цахим хуудас болон Hipay аппликэйшнаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Тус марафонд оролцохоор өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын мэргэжлийн болон сонирхогч гүйгчдийн оролцоо эрс нэмэгдэж байна. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, олон улсын хэмжээнд нэр хүнд нь өсөж буйг харуулж буй юм.

Мөн тусгай олимпын ангилалд багтах 500 болон 800 метрийн гүйлтийн бүртгэлийг өмнөх жилүүдийн адил Монголын тусгай олимпын хороо хариуцан зохион байгуулах аж.

Түүхэн хувьд Улаанбаатар марафон нь анх 2014 онд нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байсан бол өдгөө олон улсын стандартад нийцсэн, баталгаажсан замтай, нэр хүнд бүхий марафонуудын нэг болон өргөжжээ. Улмаар дэлхийн хөнгөн атлетикийн албан ёсны календарьт багтсанаар Азийн болон дэлхийн шилдэг тамирчдыг хүлээн авах боломж бүрдээд байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх