Монголын нэрт соён гэгээрүүлэгч Ажиа Гэгээн Лувсантүвдангийн санаачилгаар ахмад настнуудад зориулсан амралт, сувиллын шинэ төв Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд ашиглалтад орж, нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.
Тус бүтээн байгуулалтыг Энэрэл нигүүсэл оюун билгийн төв ТББ хэрэгжүүлсэн бөгөөд төв нь ахмад настнуудын эрүүл мэнд, нийгмийн идэвхийг дэмжих зорилготой юм. Нээлтийн үеэр Ажиа Гэгээн “Ахмадуудад буян болох үүднээс энэхүү өдөр өнжүүлэх, амралт сувиллын төвийг байгуулсан. Энд ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах бүрэн боломж бүрдэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. Цаашид тус төвийн хашаанд нийслэлийн хөрөнгө оруулалтаар спортын байгууламж барихаар төлөвлөсөн байна. Шинэ төв нь Улаанбаатар хот-ын 204 хорооны ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэхээс гадна ажлын байрны зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулах аж. Төвийн тасралтгүй үйл ажиллагааг нийслэлийн холбогдох байгууллагууд хариуцах юм.
Ажиа гэгээний нийгмийн сайн үйлс үүгээр хязгаарлагдахгүй. Тэрбээр 2014 онд Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын 6 давхар, 4600 мкв эмнэлгийн барилгыг барьж хүлээлгэн өгсөн. Тус эмнэлэг жилд 900 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн “Зөв тэтгэлэг” сангаар дамжуулан 100 орчим хүүхдийн дөрвөн жилийн сургалтын болон байрны төлбөрийг хариуцан төлж, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх