Чойбалсан хотын дэд станцын орчимд 90 га талбайг сонгож, Баянтүмэн сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан
Баянтүмэн суманд 10 МВт/40МВт.цагийн батерей хуримтлууртай, нийт 30 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулна.
Дорнод аймаг сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжид тулгуурлан үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Эрчим хүчний яамны холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллаж, Чойбалсан дэд станцын орчимд 90 га талбайг сонгож, Баянтүмэн сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан байна. Энэ хүрээнд 10МВт/40МВт.цагийн батарей хуримтлуур бүхий, нийт 30МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулж, “Чойбалсан” дэд станцад холбохоор төлөвлөж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Дорнод аймгийн хувьд өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг, төвийн эрчим хүчинд холбогдох боломжгүй айл өрх олон бий. Иймд өрхийн жижиг эрчим хүчийг хөгжүүлэх, өөрийн хэрэглээгээ хангаж, илүүдлээ төвийн эрчим хүчинд нийлүүлэх, борлуулах зэрэг зохицуулалт хийх нь ихээхэн чухал гэж ажлын хэсгийнхэн онцолж байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нар Дорнод аймагт ажиллаж, иргэдэд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх өрхийн болон аж ахуй нэгжийн хэрэглээний сэргээгдэх эрчим хүчний талаарх нэгдсэн ойлголт, сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн хэмнэж нэмэлт орлого олох боломжтой талаар мэдээллийг өглөө. Энэ үеэр “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнг зохион байгуулснаар өрхийн хэрэглээний эрчим хүчний эх үүсвэрийг үйлдвэрлэдэг ААН-үүд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна эрчим хүчний өрхийн хэрэглээний тоног төхөөрөмж авахад арилжааны банкаар дамжуулж ногоон зээл олгох зэрэг мэдээллийг иргэдэд хүргэлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх