Цахим мэдээ
Урлаг, Спорт

Канад, Босни шигшээ багууд 1:1 харьцаагаар тэнцлээ

Канад Боснитой тэнцэж, ДАШТ-ий түүхэн дэх анхны оноогоо авчээ

Канадын Торонто хотын "Би-Эм-О Филд" цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ "В" хэсгийн эхний тоглолт Канад, Босни ба Херцеговины шигшээ багуудын хооронд болж,  1:1 харьцаагаар тэнцлээ.

Ингэснээр хоёр баг тус бүр нэг оноо авсан бөгөөд Канадын шигшээ багийн хувьд энэ нь хөл бөмбөгийн ДАШТ-д оролцсон түүхэндээ авсан анхны оноо болж байна. Канад өмнө нь ДАШТ-д оролцохдоо нэг ч оноо авч байгаагүй юм.

Тус тоглолт нь Канадын нутаг дэвсгэрт болсон ДАШТ-ий эхний тоглолт байсан бөгөөд тоглолтын өмнө зохион байгуулагчид  дэлхийд алдартай дуучин Майкл Бублей зэрэг Канадын алдартнууд оролцсон жижиг хэмжээний нээлтийн ёслолыг зохион байгууллаа. Тэмцээний бусад тоглолтууд АНУ болон Мексикийн өөр өөр хотуудад үргэлжлэн явагдана.

Тайлбарлагчдын үзэж буйгаар канадчууд талбайдаа маш сайн тоглолт үзүүлсэн бөгөөд азгүй тохиолдлууд давхацсанаас болж хожиж чадсангүй. Уг тоглолтод Боснийн багийг хожино гэж таамаглаж байв. Босничууд тоглолтын 21 дэх минутад тооны харьцааг нээжээ. Булангийн цохилтоос ирсэн дамжуулалтыг довтлогч Йово Лукич мөргөж, гоолын салхийг хагалсан байна. Өдгөө 27 настай Лукичийн хувьд үндэсний шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо оруулжээ. 

Гэсэн ч Канадын шигшээ эхний үеийн хоёрдугаарт хагаст хэд хэдэн аюултай довтолгоо хийж, харин хоёрдугаар үед тоглолтын эрчийг нэмэгдүүлснээр Боснийн хамгаалагчид тэдний шахалтаас гарч, довтолгоо зохион байгуулахад тун хүнд болж ирэв. Тоглолтын 79 дэх минутад сэлгээгээр талбайд гарсан довтлогч Кайл Ларин талбайд гарснаасаа хойш ердөө хоёрхон минутын дараа хариу гоолыг оруулж, тоог тэнцүүлжээ.

Тоглолтын төгсгөл үед канадчууд өрсөлдөгчийнхөө хаалганы өмнө хэд хэдэн тун аюултай довтолгоо хийсэн бөгөөд  канадчууд уг тоглолтоороо бахархах бүрэн эрхтэй гэж BBC-ийн тайлбарлагчид үзэж байна. 

Улаан өмсгөлөөр жигдэрсэн Канадын хөгжөөн дэмжигчдээр дүүрсэн цэнгэлдэхийн уур амьсгал Канадын шигшээ баг ийм эрч хүчтэй тоглолт үзүүлэхэд багагүй нөлөөлжээ. Тоглолтын дараа Канадын ерөнхий дасгалжуулагч Жесси Марш дараагийн тоглолтуудад ч мөн ийм уур амьсгалыг харахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Босни ба Херцеговины багийн хувьд тоглолтын үр дүн мэдээж урам хугарам байлаа. Тоглолтын 84 дэх минутад багийн ахлагч Сеад Колашинац гэмтэж, тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул түүний оронд хагас хамгаалагч Женис Бурнич талбайд гарсан юм. Мөн тус шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д багийн гол од болох Английн Премьер лигийн "Манчестер Сити" багийн бүрэлдэхүүнд хоёр удаагийн аварга болж байсан, өдгөө 40 настай довтлогч Эдин Жекогүйгээр иржээ. Жеко яагаад үндсэн бүрэлдэхүүнд багтаагүй шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Босни ба Херцеговина, Канадын багуудаас гадна "В" хэсэгт Катар, Швейцарын шигшээ багууд багтжээ.

Канадчууд зургаадугаар сарын 19-нд Катарын багтай, зургаадугаар сарын 24-нд Швейцарын шигшээтэй тоглох бол Босни ба Херцеговины баг зургаадугаар сарын 18-нд Швейцар, зургаадугаар сарын 24-нд Катарын багуудтай учраа тааран өрсөлдөнө.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин