Цахим мэдээ
Улс төр

"Уламжлал, ял шийтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо

Монголын төрт ёсны түүхэн дэх ял шийтгэлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэв

“Монголын нүүдэлчдийн хууль цааз: Уламжлал, ял шийтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ШШГЕГ-ын хурлын танхимд өнөөдөр боллоо.

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран нүүдэлчдийн хууль цаазын түүхэн бодлого, ял шийтгэлийн арга хэлбэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, түүхийн холбогдох эх сурвалжуудыг судалгааны эргэлтэд оруулах зорилгооор энэхүү хурлыг зохион байгуулж байгаа юм. Мөн цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр суралцаж буй оюутан, эрдэмтэн судлаачдын судалгааны эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна тус байгууллагын 1921 оноос өмнөх үеийн төрт ёс, тэр дундаа ял шийтгэлийн бодлого, хэрэгжүүлж байсан арга хэлбэрийн талаар суурь судалгааны баазыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, доктор, хурандаа Б.Нямгомбо, "Энэхүү хурал нь Монголын төрт ёс, эрх зүйн түүхэн эх сурвалжуудыг шинээр илрүүлэн судалж, судалгааны эргэлтэд оруулахад чиглэж буйгаараа онцлогтой. Манай байгууллага 1921 оноос хойших үеийн ял шийтгэлийн бодлого, түүний хэрэгжилтийн арга хэлбэрийн талаар тодорхой хэмжээний суурь судалгаатай. Харин түүнээс өмнөх үе буюу МЭӨ III зуунаас XIII зуун хүртэлх 1400 орчим жилийн хугацаанд оршин тогтнож байсан Хүннү, Сяньби, Нирун, Жужан, Тоба, Уйгур, Түрэг, Кидан зэрэг улсын ял шийтгэлийн бодлого, хэрэгжилтийн онцлогийг нарийвчлан судлах шаардлага байсаар байна.

Түүнчлэн Их Монгол Улс, Юань улс, Монгол-Ойрадын үе болон Манжийн эрхшээлийн үеийн ял шийтгэлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар гүнзгийрүүлсэн судалгаа хийх хэрэгцээ бий. Иймээс ШУА-ийн мэргэшсэн эрдэмтдээр захиалгат судалгаа хийлгэж, эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Манай байгууллагад энэ чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтдийн тоо харьцангуй цөөн байдаг. Тиймээс холбогдох салбарын эрдэмтэн, судлаачдыг урьж, илтгэл тавиулан, тэдний судалгааны үр дүнг хэлэлцэж байна” гэв.

 

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, академич С.Чулуун, “Монголчуудын төрт ёсны түүх, хууль цаазын уламжлал, түүний хэрэгжилтийн асуудал нь төрийн түүхийн чухал сэдвүүдийн нэг юм. Энэ удаагийн хурал нь Хүннүгийн анхны төрт улсаас эхлээд өнөөг хүртэлх хугацааны хууль цаазын түүхийг хамруулан авч үзэж буй анхны томоохон эрдэм шинжилгээний үйл ажиллагаа болж байна” хэмээн тодотгов.

 

Мөн тэрбээр хурлын үеэр Хотгойдын Шадар ван Чингүнжавын тухай илтгэл хэлэлцүүлсэн талаар дурдахдаа, "Чингүнжав Манж Чин улсын эсрэг тэмцэж, улмаар цаазлуулсан түүхэн хүн юм. Ард түмний дунд түүнийг хэрхэн цаазалсан тухай олон домог яриа байдаг. Тухайлбал, “81 зоосны нүхээр цутгаж, алсан” гэх мэт домог өргөн тархсан боловч үүнийг нотлох тодорхой бичгийн баримт өмнө нь төдийлөн олдоогүй байв. Харин судалгааны явцад 1757 онд Бээжин хотод байсан Оросын элчийн тэмдэглэлийг олж үзсэн юм. Түүний тэмдэглэлд Чингүнжавыг хэрхэн цаазалсан талаар нүдээр үзсэн хүний мэдээлэл хадгалагдан үлджээ. “Шадар ван Чингүнжавыг хааны ордны өмнөх хэрмийн дотор сөгдүүлэн хүлж суулгаад, эхнэрийнх нь нүдэн дээр биеийг нь олон хэсэг болгон огтолж цаазалсан” тухай дурдсан байдаг. Тэмдэглэлд түүний биеийг гурван зуу орчим хэсэг болгон огтчин тасалсан талаар өгүүлсэн нь ард түмний дунд ам дамжин ирсэн домог, хууч ярианы үндэслэл бодит баримттай байж болохыг харуулж байна. Чингүнжавыг тухайн үеийн хамгийн харгис хэрцгий аргаар цаазлан хороосон бөгөөд энэ тухай аман уламжлалд хадгалагдан үлдсэн мэдээллийг бичгийн сурвалжаар нотлох боломж бүрдэж байгаа юм.  Манж Чин улсын эсрэг тэмцсэн Чингүнжав зөвхөн өөрөө бус, гэр бүлийнхэнтэйгээ хамт хамгийн хүнд шийтгэлийг амссан. Түүний 80 настай эмэг эх, 22 настай дүү охин, хоёр хүү, эхнэрийн хамт бүгдийг нь баривчлан Бээжинд хүргэсэн байна. Улмаар таван настай хүүг нь өвөг дээдсийнх нь гавьяаг харгалзан амьд үлдээж, 80 настай эмэг эхийн хамт өршөөсөн гэх боловч бусад гэр бүлийн гишүүдийг нь цаазалжээ. Ингэхдээ эхлээд тэдний нүдэн дээр Чингүнжавыг цаазалсан тухай баримт тэмдэглэгдэн үлдсэн. Энэ нь монголчуудын дунд үе улиран аман домог хэлбэрээр уламжлан ирсэн түүхэн бодит үйл явдалд тулгуурлаж байсныг харуулах чухал баримт" хэмээв.

Чингис хаан 1227 онд таалал төгссөний дараа ч түүний бий болгосон эрх зүйн үзэл санаа олон зууны турш үргэлжилсэн. Их засаг хууль болон Чингис хааны төрийн үзэл санаа хэрхэн өргөн хүрээнд нөлөөлж байсныг эзэнт гүрний оршин тогтносон хугацаанаас харж болно. Монголын эзэнт гүрэн болон түүнээс улбаалсан улс орнууд 150 гаруй жилийн турш хүчирхэг оршин тогтнож чадсан нь хууль цаазыг тууштай мөрдөж, үр дүнтэй хэрэгжүүлж байсантай холбоотой гэж үздэг. Тухайн үеийн араб сурвалжуудад монголчуудыг үнэнч, хэлсэндээ хүрдэг, амласнаа биелүүлдэг ард түмэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн ойрх дорнодын сурвалжуудад Монголын цэргийн жанжид ялагдал хүлээсэн нөхцөлд хүртэл “Нэг өдрийн  ялалтдаа бүү эрд.  Манай хааны их цэрэг эргэн ирнэ. Тэр цагт энэ газар монгол морины туурайд гишгэгдэж чи дарагдах болно” хэмээн өгүүлсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь зөвхөн цэргийн хүчдээ бус, төрийн зохион байгуулалт, хууль цаазын тогтолцоондоо итгэж байсны илрэл юм. 1260 оны сурвалж XIII зууны сурвалжуудад “Толгой дээрээ алтан цар тавьсан эмэгтэй хүн эзэнт гүрний нэг захаас нөгөө зах хүртэл аюулгүй зорчиж чадна” гэсэн утгатай тэмдэглэлүүд бий. Энэ нь тухайн үеийн аюулгүй байдал, төрийн хяналт ямар өндөр түвшинд байсныг илтгэнэ. Аль нэг газарт бослого хөдөлгөөн гарсан тохиолдолд төрийн цэрэг шуурхай хүрч очин асуудлыг шийдвэрлэж чаддаг байсан нь мэдээлэл дамжуулах болон хууль хэрэгжүүлэх тогтолцоо өндөр хөгжсөн байсныг харуулдаг.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин