Өнгөрсөн жил Куба иргэдийн орогнол хүссэн өргөдлийн тоо сүүлийн арван жилийн хугацаанд анх удаа Венесуэлийн иргэдийнхээс давж, тус аралд үүсээд буй хямрал улам гүнзгийрч байгааг харуулжээ.
Бразилийн цагдаа нар нэг өдрийн дотор хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон 108 куба иргэнийг илрүүлэн саатууллаа.
Мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ эрх баригчид энэ нь Карибын тэнгисийн бүсийн хүнд нөхцөлд байгаа арлаас Бразил руу чиглэсэн бичиг баримтгүй цагаачлал нэмэгдэж буй асуудлын нэг хэсэг гэж онцолжээ.
Бразилийн Аюулгүй байдал, хууль зүйн яам уг ажиллагааг хүний наймаа болон хууль бус шилжилт хөдөлгөөнийг таслан зогсоох зорилготой “аврах ажиллагаа” хэмээн тодорхойлсон байна.
“Холбооны Замын цагдаагийн албаны мэдээлснээр энэ нь Рорайма мужид нэг удаагийн тохиолдлоор бүртгэгдсэн хамгийн том хүмүүнлэгийн аврах ажиллагаа болсон” гэж яам мэдэгджээ.
Рорайма муж нь Амазоны ширэнгэн ойд Гайана, Венесуэлтэй хиллэн оршдог. Яамны мэдээлснээр Кубын иргэд Бразил руу нэвтрэх гарц болгон Гайанаг ашиглаж байна.
Бразилд амьдарч буй Кубын цагаачдын 57.6 хувь нь Рорайма болон хойд хилийн өөр нэг муж болох Aмапад төвлөрчээ.
Сүүлийн саруудад Куба улс хүмүүнлэгийн ноцтой хямралтай нүүр тулж, АНУ-аас хэрэгжүүлж буй түлшний хоригт өртөөд байна.
Нэгдүгээр сараас хойш ОХУ-аас ирсэн ганц танкероос бусад гадаадын газрын тос тус аралд хүрээгүй. АНУ Кубад газрын тос нийлүүлэхийг оролдсон аливаа улсад өндөр хэмжээний тариф ногдуулна гэж сүрдүүлээд байгаа юм. Энэ хориг нь өргөн хүрээтэй сөрөг үр дагавар авчирч, олон бүс нутагт төрийн үйлчилгээ үндсэндээ зогсонги байдалд оржээ.
Улс орон даяар хэд хэдэн удаагийн цахилгаан тасалдал болсон төдийгүй оршин суугчид хүнс, эм зэрэг үндсэн хэрэгцээний зүйлсийн хомсдолд орж байгаагаа мэдээлж байна.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар энэ дарамт нь арлаас гарах шилжилт хөдөлгөөний шинэ давлагаа үүсгэж болзошгүй аж.
Жишээлбэл, Ковид19 цар тахлын үеэр эдийн засаг хямрахад хүмүүс олноор дүрвэж, Кубын хүн ам 10 гаруй хувиар буурч байжээ.
Бразилийн Холбооны замын цагдаагийн мэдээлснээр 2024 оноос хойш Рорайма мужид нийт 297 орчим цагаач болон орогнол хүсэгчийг “аварсны” ихэнх нь Кубын иргэд байсан аж.
Даваа гаргийн ажиллагааны үеэр хүний наймаачин буюу “койот” гэгддэг таван этгээд баривчлагджээ.
Энэ ажиллагаа нь 2024 оны арванхоёрдугаар сард авто замын аюулгүй байдлыг хангах зорилгоор эхлүүлсэн “Аюулгүй зам ажиллагаа” хүрээнд явагдсан байна. Нийт гурван тусдаа баривчилгаа хийгджээ.
Нэг тохиолдолд холбооны цагдаагийн шаардлагаар зогсохоос татгалзан зугтахыг оролдсон гурван автомашины цувааг саатуулсан байна.
Тэдгээр автомашинд хүүхдүүдийг оролцуулаад нийт 39 куба иргэн “маш муу нөхцөлд” тээвэрлэгдэж байжээ.
“Тэдний олонх нь дор хаяж хоёр хоног хоол идээгүй гэж мэдүүлсэн” талаар Хууль зүйн яамны мэдээлэлд дурдсан байв.
Өөр нэг тохиолдолд хил хууль бусаар нэвтэрсэн автомашиныг хураах үеэр найман куба иргэн илэрчээ.
Гурав дахь ажиллагаагаар хүний наймааны сэжигтэй автомашиныг мөрдөн шалгасны дүнд нэгэн орон сууцнаас 61 куба иргэн олдсон байна.
Даваа гарагт илрүүлсэн нийт 108 куб иргэнийг “цагаачлалын эрх зүйн байдлыг зохицуулж, улмаар нийгмийн халамжийн тогтолцоонд шилжүүлэх” зорилгоор цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж Бразилийн Аюулгүй байдлын яам мэдэгджээ.
Тус яам 2025 оны шилжилт хөдөлгөөний жилийн тайландаа Кубаас Бразил руу чиглэсэн цагаачлал сүүлийн арван жилд тогтвортой буюу буурах хандлагатай байсан ч Ковид-19-ийн эхний жилүүдээс хойш эрс өөрчлөгдсөн гэж дурдсан байна.
2022 оноос эхлэн Кубын иргэдийн Бразил руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимтэйгээр сэргэж эхэлсэн байна.
“2025 онд Кубын иргэдээс ирүүлсэн дүрвэгчийн хүсэлт Венесуэлийн иргэдийнхээс давсан нь зөвхөн Венесуэлийн өргөдөл буурсантай холбоотой биш, харин Кубын иргэдийн өргөдөл эрс өсөж, 40 мянгаас давсантай холбоотой” гэж тайланд тайлбарлажээ.
Мөн АНУ болон Кубын хоорондын зөрчил хурцадсаар байвал энэ өсөлт цаашид үргэлжилж болзошгүйг анхааруулав.
СЭТГЭГДЭЛ Үлдээх