Цахим мэдээ
Хаана

Тайландын шүүх халдлага үйлдсэн хоёр уйгар эрэгтэйд цаазаар авах ял оноов

Тайландын шүүх БНХАУ-ын баруун хойд нутгийн Шиньжиан бүсээс гаралтай хоёр уйгар эрэгтэйд 2015 онд Бангкок хотын төвд болсон дэлбэрэлтийн хэрэгт буруутай гэж үзэн цаазаар авах ял оноолоо. Тус халдлагын улмаас 20 хүн амиа алдаж, 120 хүн шархадсан юм.

Дэлбэрэлт Бангкок хотын төв дэх Эраван сүмийн дэргэд болсон. Энэ газар нь гадаадын жуулчдын хамгийн ихээр зорьдог бүсүүдийн нэг юм. Амиа алдсан хүмүүсийн дунд эх газрын Хятадын таван иргэн, Хонконгийн хоёр иргэн байжээ.

“Хоёр яллагдагчийн үйлдэл нь олон төрлийн гэмт хэрэгт тооцогдож байна” хэмээн шүүхийн мэдэгдэлд дурдаад урьдчилан төлөвлөсөн хүн амины хэрэг нь цаазаар авах ял оноох үндэслэл болсон гэжээ.

Ял сонссон Адэм Карадаг болон Юсуфу Миэрайли нар өмнө нь өөрсдөд нь тулгасан бүх хэргийг няцааж , шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна. Тэдний өмгөөлөгч Чамроэн Паномпакакорн “Бүү ай. Цаана нь дахиад гурван шатны шүүх бий” гэж хэлжээ.

Нөгөө өмгөөлөгч Чүүчат Канпай шүүх тэдний өмгөөллийн олон хүчин зүйлийг харгалзан үзээгүй учир давж заалдах өргөдөл гаргах хугацааг сунгуулахаар хүсэлт гаргана гэв. Тайландын хуулиар давж заалдах өргөдлийг шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг сарын дотор өгөх ёстой аж.

Энэ хэрэг шүүхийн шатанд хүрэхэд арав гаруй жил зарцуулж прокурорууд хэдэн зуун гэрчээс мэдүүлэг цуглуулжээ. Мөн сэжигтнүүдэд тохирох орчуулагч олоход хүндрэлтэй байсан байна.

Халдлагын хариуцлагыг ямар ч бүлэглэл хүлээгээгүй боловч аюулгүй байдлын шинжээчид үүнийг Тайланд улс халдлага болохоос өмнөх сард 100 гаруй уйгар иргэнийг албадан Хятад руу буцаасны өшөө авалт байсан гэж үздэг.

Шиньжианд уйгар үндэстэн зонхилон амьдардаг бөгөөд БНХАУ тус бүс нутагт шашин шүтлэг болон соёлын эрх чөлөөг хэт хатуугаар хязгаарлаж байна гэсэн шүүмжлэлтэй олон жил нүүр тулж ирсэн.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь пүрэв гарагт Тайландын шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. “Гэмт этгээдүүд хүний мөсгүй үйлдэл хийж, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн” гэж тэр хэлжээ.

Өнгөрсөн жил Тайланд дахин 40 уйгар иргэнийг Хятад руу албадан буцаасан бөгөөд НҮБ-ын хүний эрхийн шинжээчид тэднийг буцаавал эрүүдэн шүүх, зүй бус харьцах, нөхөн сэргээх боломжгүй хохирол амсах эрсдэлтэй гэж анхааруулж байсан юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин