Архангай аймгийн Булган сумын харъат улсын арслан Р.Пүрэвдагва өдгөө 41 нас хүрсэн ч заал танхимын барилдаанд тогтмол барилдан формоо хадгалж үзүүр түрүү, их шөвөгт үлдэхгүй ч тогтмол гурав эсвэл дөрөв давж нас болон цолныхоо эрэмбэ туршлагыг шинээр гарч ирж буй залуучуудад харуулж яваа нэгэн.
Спортод тэр дундаа үндэсний бөхөд үе солигддог нь ойлгомжтой. Монголын үндэсний бөхөд 80-аад оныхны төлөөллийн тулаан ширүүхэн байлаа. Улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх, өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат гэх мэт шилдгүүдийн хоорондох ширүүн барилдаан, хааяа нэг нэгнээ нидрэх, нудрах, шатсан үедээ ганц нэг цохиод хүртэл авчихдаг байв.
Тэр үед нийгэм нь ч өөр байсан уу, бөхчүүдийн хүлээн авах чадвар ч өөр байсан уу, ширүүхэн барилдааны араас эрх хасах шийтгэл оногдуулдаг зүйл ховор байсан.
Харин одоо дэвжээн дээр зохисгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хатуухан шийтгэл оногдуулдаг болсон. Р.Пүрэвдагва арслангийн тухайд Монгол төрийн баяр наадам дөхсөн энэ үед 5 сараар эрхээ хасуулжээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос Р.Пүрэвдагва арсланг зохисгүй үйлдэл гаргахад эхний удаа сануулаад өнгөрсөн ч удаа дараа ийм үйлдэл гаргасан тул 5 сараар хасах шийдвэрийг гаргажээ.
Бөх сонирхогчид хагас тулааны спортод ийм зүйл байх нь зөв, эсхүл Монголын ард түмний үнэт өв болсон үндэсний бөхөд ийм үйлдэл байх ёсгүй гэж мэтгэлцсээр...
СЭТГЭГДЭЛ Үлдээх