Цахим мэдээ
5W1H

АНУ, Ираны хооронд энх тайван ойртож байна

Пакистан: АНУ, Ираны энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртсон

АНУ, Ираны төлөөлөгчид энхийн хэлэлцээрийн эцсийн  хувилбарыг харилцан тохиролцлоо гэж талуудын хэлэлцээрийн гол зуучлагч болох Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф баасан гарагт "X" нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ.

"Энхийн хэлэлцээрийн эцсийн, харилцан тохиролцсон хувилбар бэлэн болсныг бид баталж байна. Пакистан одоогоор дараагийн алхмуудыг тодорхойлохын тулд хоёр талтай нягт хамтран ажиллаж байна. Энх тайван урьд өмнө өнөөдрийнх шиг хэзээ ч ийм ойрхон байсангүй" гэж тэрбээр мэдэгдсэн байна. АНУ-ын засгийн газрын эх сурвалж AFP агентлагт мэдээлснээр, тус улсын эрх баригчид ойрын хэдэн хоногт Ирантай энхийн хэлэлцээр байгуулна гэдэгт "80-85 хувийн итгэлтэй" байгаа аж. Талууд хэлэлцээрт зургаадугаар сарын 14-нд буюу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 80 насны төрсөн өдөр гарын үсэг зурж магадгүй гэж "Reuters" агентлагийн эх сурвалж мэдээлжээ. Уг хэлэлцээрийн нэг нөхцөл нь Ираны баяжуулсан ураныг тус улсаас гаргаж, устгах явдал юм.

Үүний зэрэгцээ Ираны "Mehr" агентлаг мөн өдөр АНУ, Ираны хооронд байгуулах 14 заалт бүхий санамж бичгийн төслийг нийтэлжээ. Уг санамж бичигт Ливанд өгч буй Израилийн цохилтуудыг зогсоох зэрэг цэргийн бүх ажиллагааг нэн даруй, бүрэн зогсоох, Ирантай хил залгаа нутаг дэвсгэрээс АНУ-ын цэргийг татах, Ираны боомтуудын бүслэлтийг бүрэн цуцлах, түүнчлэн 30 хоногийн дотор Ормузын хоолойн үйл ажиллагааг эргэн сэргээх зэрэг заалтууд багтсан байна.

Хэлэлцээрт гарын үсэг зурах газраар Швейцарыг хэлэлцэж байгаа тухай AFP агентлаг мэдээлжээ. Тус улс хэлэлцээрт гарын үсэг зурах талбар болох санал тавьсан байна. "Бид АНУ, Иран улсуудтай нягт холбоотой ажиллаж байна. Хэрэв талууд зөвшөөрвөл Швейцар улсыг гарын үсэг зурах талбарын хувиар санал болгосон" гэж тус улсын Гадаад хэргийн яам баасан гаргийн орой мэдэгджээ.

Үүнээс өмнө Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мөн "Исламабадын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртлоо" гэж "X" нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Тэрбээр хэлэлцээ бүрэн дуусах хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг "гэрээний агуулгын талаар элдэв таамаглал дэвшүүлэхгүй байхыг" уриалжээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өөрийн "Truth Social" сүлжээнд уг мэдээллийг ямар нэгэн тайлбаргүйгээр хуваалцсан байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

АНУ-ын инфляц 4 хувийг давлаа
Уржигдар 09 цаг 54 мин