Хөдөлмөрийн зах зээлийн шинэ дүрэм
Дэлхийн хөдөлмөрийн зах зээл хувьсаж буйд нөлөөлсөн ганц хүчин зүйл нь технологийн дэвшил биш.
Ахлах ангиа дүүргэж, их сургуулийн босго алхахаар зэхэж буй 18 настнууд элсэлтийн шалгалтын бэлтгэлээ базаагаад амсхийх чөлөөгүй байгаа нь лавтай.
Ирээдүйн карьер, эдийн засгийн чадамж , нийгмийн статус зэргээ тодорхойлох чухал бариа бас гараан дээр ирсэн тэд үүнд ийн нухацтай хандахаас ч аргагүй. Мөн энэ насныхны мэргэжил сонголт өмнөх үеийнхнээс ондоо. Учир нь тэднийг их сургуулиа төгсөх үед нь буюу 2030 онд хөдөлмөрийн зах зээл эрс хувьсаж, одоогийнхоос тэс өөр ур чадвар, мэдлэг, мэргэжил үнэлэгдэх төлөвтэй байна.
Тиймээс мэргэжлээ эмч, багш, нягтлан, хуульч гэхчлэн уламжлалт хандлагаар харж, академик боловсролыг урьдынх шиг төсөөлөх нь өрөөсгөл аж. 2026 он гарснаас хойш технологийн томоохон компанид ажилладаг 80 мянга гаруй хүн ажлын байраа алдсан нь дээрхийн нотолгоо. Үүний тал хувь нь хиймэл оюунт төхөөрөмжөөс үүдэлтэй гэдэг нь ч нэгийг өгүүлнэ. Тиймээс хүмүүс ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, AI-тай зэрэгцэн ажиллаж сурах шаардлагатай тулгарч байна.
Энэ талаарх нэн сонирхолтой таамгийг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан байна. Тэдний судалснаар, дэлхий даяар 2030 он гэхэд 92 сая хүн ажлаас халагдах төлөвтэй байгаа аж. Гэхдээ энэ нь хөдөлмөрлөх, өөрсдийн оюун ухаан, ур чадвараар хөрөнгө, мөнгө хураах орон зай хүмүүсийн хувьд үгүй болно гэсэн үг биш. Учир нь 92 сая хүн ажлаасаа халагдах ч 170 сая ажлын байр шинээр бий болох юм. Тэгэхээр ажлын байр, ажилчдын хэрэгцээ харин ч 78 саяар нэмэгдэх ханатай байна.
Гэхдээ үүнд одооноос бэлтгэхгүй бол нэг талд ажилгүй иргэд олширч, нөгөө талд шаардлага хангах мэдлэг, ур чадвартай ажилтан хайсан компаниуд элбэгших эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, эзэмшсэн мэргэжил, боловсрол нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй нийцэхгүй байх нь залуусын ажилгүйдлийн нэг гол шалтгаан болж мэдэх нь. 2030 он гэхэд ажилд шаардлагатай ур чадварын 39 хувь нь өөрчлөгдөж, ажлын байрны 22 хувь нь бүтцийн шинэчлэлд орох төлөвтэй байна.
Дэлхийн эдийн засгийн форумын Хөдөлмөрийн зах зээлийн хэлтсийн дарга Till Leopold
Хиймэл оюун ухаан болон технологийн хурдацтай өөрчлөлт нь хөдөлмөрийн зах зээлийг огцом өөрчилж, урьд өмнө байгаагүй боломжуудыг бий болгож байна. Мөн үүнийг дагаад олон эрсдэл ч шинээр үүснэ.
Компани, удирдлагуудын хувьд ур чадвартай ажилтан олж ажиллуулах нь хамгийн том сорилт байдаг. Тэгвэл энэ бэрхшээлийг технологийн дэвшил халах төлөвтэй байна. Учир нь дэлхий даяар ажил олгогчдын тал хувь нь хиймэл оюун ухаант төхөөрөмжийг хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд шаардлагагүй ажлын байрыг цомхотгоно гэдгээ мэдэгдээд буй. Ингэж хямгадсан төсвөөрөө үлдсэн ажилчдаа илүү мэргэшүүлэх, нэмэлт ур чадварт сургах төлөвтэй байгаа аж. Ингэснээр цомхон бүтцээр, үр дүнтэй ажиллах боломж бүрдэх нь. Тэгэхээр ирэх жилүүдэд мэргэжилдээ эзэн болсон, шаардлагатай ур чадварыг төгс эзэмшсэн иргэд л хөдөлмөрийн зах зээл дээр үлдэхээр байгаа юм.
Мэдээж цалин, хангамж зэрэг нь ч үүнийгээ дагаад өснө. Харин компанийн өсөлтөд дорвитой нөлөө үзүүлдэггүй, бага бүтээмжтэй ажиллах хүч энэ талбараас шахагдаж мэдэхээр байна. Өөр нэг сонирхолтой өнцөг нь, ирээдүйд дан ганц академик боловсролоороо, хийж дадсан нэг ур чадвараараа амьдралаа авч явах боломжгүй нөхцөл бий болж мэдэх нь. Учир нь аналитик сэтгэлгээ, танин мэдэхүйн ур чадвар, уян хатан байдал, манлайлал, хамтын ажиллагаа зэрэг хүний суурь ур чадвар, хандлага, хүмүүжил үнэлэгдэх төлөвтэй байгааг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан дээрх тайланд дурдсан байна. Мөн цаашид эрэлттэй байх мэргэжил, мэдлэг, ур чадварыг мэдээж хиймэл оюун ухаан, өгөгдөл, сүлжээ, кибер аюулгүй байдлын технологийн ур чадварууд тэргүүлэхээр байгаа юм.
Эрэлт ба уналт
Хэдийгээ технологийн нөлөөгөөр ихэнх салбарт хүний оролцоо багасаж байгаа ч хүн л оролцохгүй бол ажил нь ахихгүй, амжилт гарахгүй талбар ч мөн олон бий. Тухайлбал, фермийн ажилчид, хүргэлтийн жолооч, барилгын салбарынхны эрэлт ирэх жилүүдэд илүү нэмэгдэх төлөвтэй байна. Мөн сувилахуй, асрахуйн мэргэжилтэн, дунд сургуулийн багш өндөр цалинтай, эрэлт ихтэй талбар хэвээр байх аж. Энэ нь хүн амын өсөлттэй холбоотой юм. Харин дэлгүүрийн кассчин, захиргааны туслах зэрэг ажлын байрны нэн хурдацтай буурч байгаа бөгөөд график дизайнерууд, нягтлан, аудиторууд халаагаа өгч, шинэ ур чадварт суралцахаас аргагүй нөхцөлтэй нүүр тулахаар байна.
Дэлхийн хөдөлмөрийн зах зээл хувьсаж буйд нөлөөлсөн ганц хүчин зүйл нь технологийн дэвшил биш. Үнийн өсөлт, инфляц зэрэг эдийн засгийн нөлөө ч бий. Түүнчлэн хүн ам зүйн өөрчлөлт ч ажлын талбарыг хувиргаж буй. Өндөр орлоготой, хүн ам нь хөгширч буй орнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтний эрэлт нэмэгдэж, бага орлоготой бүс нутагт хөдөлмөрийн насны хүн ам нэмэгдэж байгаатай холбоотойгоор боловсролын салбарын мэргэжлүүдийн хэрэгцээ өссөөр байна.
Тэгэхээр ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд аливааг хамгийн хурдан суралцаж, юмсад амархан дасан зохицож чаддаг, технологитой ч, хүмүүстэй ч эвсэж, хамтарч ажиллах чадвартай иргэд үнэлэгдэх төлөвтэй байна. Тун товчхондоо, аль нэг сургуулийн диплом, аль эсвэл ганц сайн гүйцэтгэдэг ур чадвараараа бүтэн амьдралаа авч явах боломж хумигдаж буй. AI хүмүүсийн ажлыг булаах эсэх нь хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх томоохон асуудал биш. Харин хүмүүс өөрсдийн ур чадварыг AI-тай зэрэгцэн хөгжүүлж чадах нь хамгийн чухал өнцөг юм.
Эх сурвалж: Eagle.mn сайт
СЭТГЭГДЭЛ Үлдээх